БНСУ-ын Зохиолчдын Академийн санаачлагаар “Солонгос-Монголын утга зохиол” сэтгүүлийн анхны дугаар хоёр оны босгон дээр хэвлэгдэн гарчээ. Тус сэтгүүлийг эрхлэн гаргагч Ким Ханьчан нь Улаанбаатар Их Сургуулийн зочин багшаар ажиллах хугацаанд Монголын Утга зохиолын ахмад, шинэ үеийн төлөөлөгч нартай уулзаж, хамтарсан семинар зохион байгуулсан юм. Семинарын үеэр талууд Монгол-Солонгосын утга зохиолын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, ази тивд сурталчлан таниулах, сэтгүүл эрхлэн гаргах, бүтээлүүдээ харилцан орчуулах зэрэг өргөн сэдвээр хамтарч ажиллахаар тохирч “Утга зохиолын хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэв.
Тус семинарт Монгол Улсын талаас сэтгүүлч, яруу найрагч Г.Сонинбаяр “Монгол-Солонгос хоёр орны соёл, утга зохиолын харилцааны тухайд...” /2000 оноос хойшхи/ илтгэл, сэтгүүлч, яруу найрагч Д.Ган-Очир “Уламжлал дээр өнөөдрөө туурвидаг Уул усны утга зохиолтой Монгол мину” илтгэлийг, Солонгос Улсын талаас Со Жайхо “Солонгос-Монголын утга зохиол олон улс дахь ойлголт” сэдэвт илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүллээ.
“Солонгос-Монголын утга зохиол” сэтгүүлийн анхны дугаарт Монгол, Солонгос нийлсэн 43 яруу найрагчдын сор болсон бүтээлүүд нь Монгол-Солонгос хадмал орчуулгатайгаар орж, хэвлэгдэн гарчээ. Тухайлбал Монгол Улсын өнөөгийн утга зохиол, яруу найргийн өнгийг тодорхойлж яваа яруу найрагч Б.Алтанхуяг, Ц.Батбилиг, Ш.Батболд, Ө.Батзориг, Л.Батцэнгэл, С.Билигсайхан, Д.Ган-Очир, Б.Занданхүү, Л.Моломжамц, Ц.Мөнх, В.Нэргүй, Н.Пүрэв, М.Саруулдалай, Г.Сонинбаяр, Г.Сүхзориг, Л.Торой, Б.Төгсжаргал, С.Ууганбаяр, Б.Хүрэлтогоо, Б.Эрдэнэцогт нарын яруу найрагчдын шүлгүүд тус сэтгүүлд товч намтар, танилцуулгын хамт багтжээ.
Дашрамд өгүүлэхэд тус сэтгүүлийг эрхлэн гаргагч Ким Ханьчан нь БНСУ-ын Зохиолчдын Академийн захирал бол Г.Сонинбаяр нь “Шинэ Монгол” радиогийн гүйцэтгэх захирал юма. Харин сэтгүүлийн анхны дугаарын орчуулагчаар Улаанбаатар Их Сургуулийн Солонгос хэлний тэнхмийн багш Э.Баярмаа ажиллажээ.

| Солонгос-Монголын утга зохиол шинэ шатанд гарна | ||
| Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.