Шууд Chart

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2018-10-10 16:15:24

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.10) хуралдаанаар  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй саналыг санал хураалт явуулах журмын дагуу багцлан зарчмын зөрүүтэй 8, найруулгын 4, дагалдах хуулийн төслийн талаар 1 саналын томьёоллыг бэлтгэжээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Гарамжав нь асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Одоо хэрэгжиж буй хуулиар албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг тусгасан байдаг ба энэ нь манай улсын нэгдсэн орсон олон улсын холбогдох конвенцид нийцдэггүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэллээ. Тиймээс төсөлд энэ төрлийн зохицуулалтыг тусгаагүй байна. Төсөлд Эрүүл мэндийн яамны хүлээх хариуцлагын талаарх зохицуулалтуудыг илүү нарийвчлан тодорхой тусгасан.

Одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд мансуурах донтой эдгээдийг албадан эмчилгээнд хамруулаад л өнгөрдөг бол төсөлд эмчилгээний дараа бататган хянах, ажил мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх асуудлыг дэмжих зэрэг асуудлыг холбогдох газрууд хамтран зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 120 орчим сая төгрөгийн төсөв шаардагдах бөгөөд төслийг өргөн мэдүүлэхийн өмнө уг асуудлаар Сангийн яамтай зөвшилцсөн гэлээ.

Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн талаарх тоон мэдээллийг СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл танилцууллаа. 1990 онд улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр эмчилгээ үзүүлэх орны тоо 1380 байсан нь буурсаар өнөөдрийн байдлаар СЭМҮТ 550 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Аймаг тус бүрт байсан 50 ортой дундын диспансеруудыг цомхотгон, зарим аймагт 6 ортой болгоод байгаа гэв.

Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-тэй хэлэлцэж буй төслийг нийцүүлсэн эсэхийг нягтлах, төсөл дэх нэр томьёог тодорхой томьёолох шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу түр хороо байгуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй