Шууд Chart

Ардын Засгийн газраас бильярд тоглохыг хориглож байжээ

2018-11-05 13:00:00

Ардчиллын салхиар тээгдэж ирсэн зүйлсийн нэг бильярд хэмээх тоглоомыг Монголчууд 1920-оод онд шимтэн тоглож байсан гэвэл та итгэх үү? Тэгвэл ардын хувьсгалын дараахан буюу 1921-1923 онд хүрээнийхэн бильярдад донтож, сүүлдээ бүр мөрийтэй тоглон үймээн дэгдээх болсонд аргаа барсан Ардын Засгийн газар бильярд тоглохыг хатуу хориглосон хууль цаазын бичиг хүртэл гаргаж байжээ. Энэхүү цаазын бичгийг эсэргүүцэн, бильярд тоглох эрхийг дахин сэргээж өгөхийг хүссэн хэсэг ардын өргөх бичиг эдүгээ Улсын төв архивд хадгалагдаж байдаг гэнэ. 

Тус өргөх бичиг нь 1924 онд бичигдсэн бөгөөд түүнд дурдсан нь: “Эдүгээ Нийслэл Хүрээний газар бүхий зочид буух газар бэлтгэсэн бильярд хэмээх бөмбөгөн наадмыг цагдан сэргийлэх газраас мөрийтэй наадам хэмээн энэ өнгөрсөн аргын арван хоёр сард зогсоосон байнам. Энэхүү бөмбөг харвах наадам бусад хонжих, хохируулах наадам лугаа огт адил бус харин хүн төрөлхтний бие махбодын тамир хүчнийг сайжруулах зэргийн тустай наадам хэмээн олон улсад үл цаазлагдсан наадам болох учрыг сонсгохоос гадна хэрвээ энэхүү наадмыг хувиар цаазлан зогсоох аваас өчүүхэн бид бүгд алба, амины аж явдал гүйцэтгэсний дараа завсар уйтгар сэргээх газаргүй болох учрыг гаргаж Ардын Засгийн газрын Ерөнхий сайд танаа өргөн мэдүүлээд, байдал учрыг байцаан толилж, хэл мэдүүлсэн зүйлийг ёсоор болгон өршөөхийг гуйж үүний тул өргөв. Нэгэн мянга есөн зуун хорин дөрөвдүгээр оны январь сарын таван” гэжээ. 

Үүнээс үзэхэд бильярд хэмээх спорт нь Монголчуудын хувьд шинээр орж ирсэн спортын нэг төрөл бус харин ч манай ард түмний эл спортын талаарх төсөөлөл багаар бодоход 80-аад жилийн өмнөөс эхтэй ажээ. Мөн уг бичгийн төгсгөл дэх огноо бичсэн байдал нь Монгол албан бичгийн огнооны төлөвшилтийн талаарх сонин баримт юм. 


Ардын Засгийн газраас бильярд тоглохыг хориглож байжээ  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй