Шууд Chart

Н.Батжин: Жагсаал хийсэн иргэд ямар нэгэн шаардлага ирүүлээгүй

2018-11-06 09:17:42

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжингаас ам.долларын ханштай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

            -Он гарснаас хойш ам.долларын ханш хэдэн хувиар өссөн бэ. Цаашид хэрхэх хандлагатай  байна?

            -Монгол банкнаас зарласан ам.долларын албан ханш 2560 төгрөгт тогтворжсон байгаа. Он гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 5.6 хувь чангарсан үзүүлэлттэй байгаа. Ер нь ам.долларын ханш сүүлийн нэг сарын хугацаанд энэ түвшинд тогтворжих хандлагатай байна.

            -Төв банкнаас ам.долларын ханшийн өсөлтийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

            - Тэгэхлээр уг асуултад хариулахын тулд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Монголбанкны үндсэн зорилтод Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж заасан байдаг. Энэ зорилт хоёр давхар утга агуулдаг. Нэгдүгээрт, үнийн тогтвортой байдал буюу инфляц, хоёрдугаарт ханшийн тогтвортой байдал буюу гадаад валюттай харьцах Монгол төгрөгийн ханшийн тогтвортой байдал. Үнийн тогтвортой байдлаас гадна ханш ярихаар яалт ч үгүй ам.долларын ханш яригддаг. Монголбанкнаас хэрэгжүүлдэг гол бодлого нь валютын огцом хэлбэлзэл буюу богино хугацааны өөрчлөлтөд оролцох. Өөрөөр хэлбэл урт хугацааны өөрчлөлтийг төв банкнаас зохицуулахад харьцангуй хязгаарлагдмал. Учир нь урт хугацааны хэлбэлзэл гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоос шууд хамаардаг. Монголбанкинд үүнийг тодорхойлох чиг үүрэг, хэрэгсэл байхгүй. Тодорхойлдог институт нь Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах боломжтой. Харин Монголбанкнаас хэрэгжүүлж чадах ажил нь эрх, үүргийн дагуу гадаад валютын албан нөөцийг удирдаж, зах зээлд валют нийлүүлэх. Өөр нэг хэрэгжүүлэх боломжтой хэрэгсэл нь мөнгөний бодлогын хүү. Гадаад валютын албан нөөцийн хувьд есдүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар байгаа.

            -Энэ хэмжээний нөөц ам.долларын ханшийн өсөлтийг богино хугацаанд барихад хангалттай юу?

-Тэгэхлээр валютын ханшийг дан ганц нөөцөөр төсөөлж тодорхойлох боломжгүй юм. Валютын ханш эдийн засгийн суурь зарчмаа дагадаг. Үүнд төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл багтана. Гадаад худалдааны тэнцэл хэдий ашигтай гарсан ч гэсэн сүүлийн есдүгээр сарын статистикаар өмнөх оноос импорт 39 хувиар өссөн байна. Мөн өмнөх оныг бодоход Монгол Улсын төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт нэмэгдсэн. Жишээлбэл, есдүгээр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 450 орчим сая ам.долларын алдагдалтай байсан. Үүнээс харахад Монголоос гарч буй валютын хэмжээ ихэсчээ. Валютын гарах урсгал орохоосоо даваад байвал ханш өсөхөд нөлөөлдөг. Энэ бол дотоод хүчин зүйл. Цаашид урсгал дансны алдагдал буурч улмаар төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт багасах хандлага байгаа учир дотоод дарамт сулрах хандлагатай байна.

Монголбанкнаас сүүлийн үеийн ханшийн өөрчлөлтийн эсрэг зах зээлд ам.доллар нийлүүлэх замаар арга хэмжээ авсан. Он гарснаас хойш 720 сая ам.долларын нийлүүлэлтийг зах зээл рүү оруулаад байна. Зах зээлд валют нийлүүлээгүй байсан бол гадаад валютын албан нөөц энэ хэмжээгээр өсөх юм. Монголбанкнаас ханшийн өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байна гэдэг нь бол ханшийг зах зээлийн зарчмаар тогтоохыг эрмэлзэж, хэрэв огцом хэлбэлзэл үүсвэл интервенц хийх замаар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахыг хэлж байгаа. Яагаад огцом хэлбэлзлээс сэргийлээд байна вэ гэхлээр, огцом хэлбэлзлийн үед иргэд бизнес эрхлэгчдийн дунд ханш өсөх нь гэсэн дохио үүсч төгрөгийн хадгаламж, дансаа ам.долларт шилжүүлснээр ханшийн өсөлтийг улам лавшруулах эрсдэлтэй байдаг. Энд хүлээлтийн талаар ярьж байгаа хэрэг. Сүүлийн үед үүссэн ханшийн өөрчлөлтөд хүлээлт ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

            Гэхдээ байнга нийлүүлэлт хийвэл гадаад валютын нөөц буурч, урт хугацаанд улам дараа болно. Тэгээд ч нөөц гэдэг хэмжээ хязгаартай зүйл. Гадаад валютын нөөц нь Монгол Улсын санхүүгийн дархлаа учир тун болгоомжтой хандвал зохих хэрэгтэй. Валютын нөөцийг нэмэгдүүлвэл ирээдүйд ханшийн дарамт багасна. Валютын нөөц нэмэгдсэнээр манай улсын төлөх гадаад төлбөрийн дарамт, олон улсын худалдааны маргаан, түүхий эдийн үнийн уналт зэрэг гадаад шокноос хамгаалалттай болно гэсэн үг.

            -Гадаад валютын ханшийн өсөлтийг бууруулахын тулд аль институт, ямар арга хэмжээ авах ёстой вэ?

            -Монголбанк богино хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж чадна. Хамгийн гол нь урт хугацаанд хэрхэх шийдэл нь гадаад худалдааны бодлого юм. Монголд гадаад худалдааны бодлого тодорхойлдог институт хараахан бий болоогүй. Гадны оронд энэ чиглэлийн яам байдаг. Тус яам нь гадаад худалдааны бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлдог. Жишээлбэл, Монгол Улс урд, хойд хөрштэйгөө ямар бараа бүтээгдэхүүн, ямар хугацаанд, хэр хэмжээгээр экспортлох, импортлохыг нарийвчлан тооцоолсон бодлого гэсэн үг. Манай улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, экспортоос ихээхэн хамаардаг. Мал аж ахуйн ихээхэн бололцоо бидэнд бий. Гэхдээ эдгээрийг зохцуулах төвлөрсөн институт, бодлого хараахан байхгүй байна. Нөгөөтэйгүүр гадаад худалдааны бодлогоос гадна гадаад хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдал чухал. Гадны хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэлд хамгийн их эерэг нөлөө үзүүлж, ашгийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс урт хугацаанд тогтвортой гадаад худалдаа ба хөрөнгө оруулалтын бодлого бол ханшийн шийдэл юм.

            -Өчигдөр зарим иргэн төв банкны гадаа жагсаал хийсэн. Тэдний зүгээс Монголбанкны удирдлагад шаардлага хүргүүлнэ гэсэн. Албан ёсоор шаардах бичиг ирсэн үү, ямар шаардлага тавьсан бэ?

            -Цахим орчноор тарсан мэдээлэлд “Жагсаалд оролцсон иргэд Монголбанкинд шаардлага хүргүүлсэн” хэмээн мэдээлсэн байсан. Гэхдээ манайд бичиг хэрэг дээр болон ямар нэг байдлаар шаардлага ирүүлээгүй байна. Төв банк олон нийтэд нээлттэй болж байгаа. Тиймээс иргэдийн үзэл бодлыг анхааралтай сонсдог, хариулт өгдөг. Энэ үүднээс жагсаал хийсэн иргэдийн үзэл бодол, байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан авсан.

            -Жагсаал хийсэн иргэд ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн их хэмжээний алдагдал хүлээж байна гэсэн. Ханшийн өсөлтөөс үүдсэн алдагдлаас сэргийлэх арга бий юу?

            -Түрүүн би ханшийн өөрчлөлтийн дотоод хүчин зүйлийг ярьсан бол энэ асуултад хариулахад гадаад хүчин зүйлийг ярих хэрэгтэй. АНУ-ын Аолбооны нөөцийн төв банк бодлогын хүүгээ сүүлийн хугацаанд өсгөж 2.25 хувьд хүргэсэн. Энэ нь АНУ-руу долларыг буцаан татна гэсэн үг. Тэнд Засгийн газрын үнэт цаасны хүү өсч байхад доллар тийшээ чиглэх нь тодорхой. Тиймээс ч Монгол гэлтгүй дэлхийн 81 орны валютын ханш ам.долларын эсрэг суларсан. БНХАУ-ын юань ч үүнд багтана. Ам.долларын ханш өсөж, төгрөг үнэгүйдэхээр мэдээж бизнес эрхлэгчдэд дарамт үүснэ. Гэхдээ ам.долларын ханш өсөхөд юанийн ханш бага хэмжээгээр суларч байгаа. Юанийн ханш ам.долларын эсрэг сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээнд суларч нэг доллар долоо орчим юань болоод байна. Монголд ам.долларын ханш есдүгээр сард ид чангарч байх үед юанийн ханш төгрөгийн эсрэг 10 орчим төгрөгөөр суларсан. Юанийн ханш сулрахад тухайн үед БНХАУ-аас бараагаа татаж байсан иргэд хямд худалдан авалт хийж хожсон гэсэн үг. Манай улсын нийт бараа эргэлтийн 66 хувь буюу дийлэнх нь БНХАУ-тай хийдэг. Тиймээс ам.долларын өсөлтийг ажиглахдаа, юань зэрэг бусад валютын ханшийг харах хэрэгтэй.

           

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Батжин: Жагсаал хийсэн иргэд ямар нэгэн шаардлага ирүүлээгүй  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй