Шууд Chart

Э.Эрдэнэсувд: “MNB World” суваг Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлнэ

2018-12-20 09:46:23

Гадны олон улс үндэстэн дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр эфирээ цацдаг олон улсын телевизийн сувагтай. Өндөр хөгжилтэй орнууд энэ төслөө өргөжүүлж олон хэлээр телевизийн эфирээ цацаж, өөрийн улсаа сурталчилдаг. Харин Монгол Улсын хувьд энэ “гарц” хаалттай байлаа. Тэгвэл 20 гаруй жилийн өмнөөс “хаалттай хаалга”-аар салхи оруулж, “ММ Today” англи хэлний хөтөлбөрөө эхлүүлж байсан МҮОНРТ англи хэлээр эфирээ нэвтрүүлэх Монголын анхны телевизийн сувгаа өнөөдөр албан ёсоор нээнэ. Энэ төслийн талаар “MNB World” сувгийн ерөнхий редактор Э.Эрдэнэсувдтай ярилцлаа.

- “MNB World” сувгийн талаар товч танилцуулна уу.

- МҮОНРТ өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу гадаадын үзэгчдэд Монгол эх орноо сурталчлан таниулах зорилгоор 2017 оны есдүгээр сараас “MNB World” сувгийн төслийг эхлүүлсэн. Өнөөдөр суваг маань туршилтын эфирээ улс орон даяар цацаж эхэлнэ. Олон жилийн турш санаа төдий байсан энэ төслийг цаасан дээр буулгаж, буулгаснаа ажил хэрэг болгосон хүн бол манай төслийн удирдагч О.Тэгшгэрэл. Манай төслийн баг энэ хүний удирдлагаар үнэхээр богино хугацаанд туршилтын эфирийг нээх бэлтгэл хийж, маш олон ажлын ард гарч чадсан. Энэ төслийг ухаалаг хэрэгжүүлж чадвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн үр өгөөж авчрах нь гарцаагүй.

Ер нь өнөө цагт дэлхийн улс орнууд цэрэг, эдийн засгийн хүчээр нөлөөллөө тогтоохоос илүү өөрийн хэл соёл, урлаг, спорт, нийгмийн хөгжлөөрөө бусдын сэтгэлийг байлдан дагуулах замаар өөртөө давуу тал олж авахыг эрмэлзэх болсон. Энэ бол “Зөөлөн хүчний бодлого”. Монгол шиг цэрэг, эдийн засгийн хүч хязгаарлагдмал орны хувьд зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх нь хамгийн боломжит сонголт. Тиймээс ч “MNB World” сувгийг нээх цаг болсон гэж олон эксперт онцолж байгаа юм. Гэхдээ энэ бол асар их хөрөнгө шаардсан, урт хугацаанд тогтвортой хэрэгжих ёстой “мега” төсөл. Энэ төслийг хөрсөнд буулгаж, шанг нь татахын тулд МҮОНРТ, Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч, эхний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгсөн гавьяатай.

-“MNB World” суваг өнөөдөр нээлтээ хийж байна. Гэхдээ танай нэвтрүүлгүүд телевизээр гарч байгаа харагддаг шүү дээ?

-Тийм ээ, “MNB World” сувгийн төслийн баг туршилтын эфир нээх бэлтгэл болгож өнгөрсөн хугацаанд МҮОНТ-ийн Нэгдүгээр суваг, Монголын мэдээ сувгийн эфир болон цахим орчинд 2200 минутын мэдээ, 960 минутын ярилцлага, бусад жанрын 1000 гаруй минутын нэвтрүүлэг, сурвалжилга англи хэлээр бэлтгэн нийлүүлсэн. Тэр дундаа Үндэсний Их баяр наадмын 17 цагийн хөтөлбөрийг бид Монголын Мэдээ сувгаар анх удаа англи хэлээр дамжуулсан нь гадаадын жуулчдад Монгол наадмыг ойлгох том боломж нээсэн. Олон хүнээс талархлын, урмын үг сонссон шүү, манай багийнхан. Мэдээж бидэнд өдөр тутам шинэ сорилт, бэрхшээлүүд тулгардаг. Монголд анхдагч гэж хэлж болох суваг учраас бидэнд өмнөх үеийнхний туршлага гэж байхгүй. Ухаалаг менежмент, багийн хамтын ажиллагаа л асуудлыг шийддэг бидний арга барил. Манай сувгийнхан 2020 оноос өмнө олон улсын зах зээлд контентоо цацаж эхэлнэ гэсэн итгэлтэй ажиллаж байна.

-Ази тивийн хэдэн оронд эфирээ цацах вэ?

-Азийн найман оронд эфир цацна гэж төлөвлөсөн. Нэн тэргүүнд Япон, Өмнөд Солонгос, Хятадад эфир цацах нь зөв гэж үзэж байгаа. Бид 2018 онд бэлтгэл ажил хангах, туршлага хуримтлуулах зорилтынхоо хүрээнд МҮОНТ-ийн Нэгдүгээр суваг болон “Монголын мэдээ” сувгуудаар англи хэлээр тогтмол мэдээ нэвтрүүлэг нийлүүлж байсан. Мөн цахим орчинд бид идэвхтэй ажиллаж ирсэн. Сувгийн “Facebook”, “Youtube” хуудасны хамгийн сүүлийн үеийн датагаар нийт хэрэглэгчдийн 90 хувь нь Монголоос, үлдсэн 10 хувь нь гадаадаас хандсан нь харагдсан. Гадаадын улс орнуудаас Япон, Өмнөд Солонгос, Хятад улсаас хандалт хамгийн өндөр байсан. Сонирхолтой нь гэвэл Хятадад дээрх нийгмийн цахим сүлжээ бүгд хориотой байдаг ч хэрэглэгч олон хандсан. Тиймээс “MNB World” ойрын ирээдүйд Азийн чиглэлд эфир цацахдаа дээрх гурван орныг нэн тэргүүнд сонгох ёстой гэж бодож байгаа.

-“MNB World” сувгийн багийн онцлог юу вэ?

-Бид энэ онд 30 хүний орон тоогоор ажилласан. Би багийнхаа залуусаар маш их бахархдаг. Бидний онцлог гэвэл 70-80 хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн, олон хэлээр ажиллах чадвартай. Манай суваг англи хэлээр контент бэлтгэдэг боловч манай багт англи хэлээс гадна орос, хятад, франц, герман, солонгос, япон зэрэг хэлний мэргэжилтэн олон бий. Олон хэл, олон соёлын нэгдлийг бид бий болгосон. Хувь хүн бүрийн соёлын ялгаа бага зэрэг мэдрэгддэг ч гэсэн аливаа асуудлыг эсвэл уран бүтээлийг олон өнцгөөс харахад их хэрэг болдог. Хэзээ нэг өдөр суваг маань өргөжөөд гадаадад эх орноо сурталчлах олон хэлний суваг болчихсон байвал гайхах зүйлгүй. Миний хувьд Хятадын Шанхай хотод гадаад сурталчилгааны сэдвээр мэргэшиж, магистрын зэрэг хамгаалсан. МҮОНР-ийн Монголын дуу хоолой радиод 10 гаруй жил, Хятадын Олон улсын радиод хоёр жил ажилласан. Энэ багийн эд эс нь болсондоо үнэхээр баяртай явдаг.

-“MNB World” суваг контентын хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Манай суваг өргөн нэвтрүүлгийн статустай учраас олон нийтийг мэдээ мэдээллээр хангах, соёл гэгээрүүлж, танин мэдүүлэх, зугаацуулах олон төрлийн контент бэлтгэж цацна. Өдөр бүр 11:00-23:00 цаг хүртэл 12 цагийн эфир үзэгчдэд хүргэнэ. Гэхдээ 19:00-23:00 цагийн эфир нь тухайн өдрийн шинэ эфир, 11:00-19:00 цагийн эфир нь давталт байх юм. Ингэж давтах нь олон улсад түгээмэл туршлага. Манай суваг кабелийн телевизүүд дээр 68 дугаар суваг дээр байршиж байгаа. Брэнд контентууд гэвэл “News Mongolia” мэдээллийн хөтөлбөр даваагаас баасан гарагт өдөр бүр үзэгчдэд хүрнэ. “MNB World” ток шоугаараа бид Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд, салбартаа тэргүүлэгч монгол залуусыг оролцуулж ярилцлага өрнүүлэх юм. Мөн бид түүхч С.Отгонжаргалтай хамтран “History of Mongolia” нэвтрүүлгийг цувралаар бэлтгэж байгаа. Түүнчлэн “Culture of Mongolia”, “Explore Mongolia”, “Generation”, “Passion”, “Cycle” зэрэг нэрлээд байвал олон нэвтрүүлэг бий. Өөр ямар контент байгааг өнөө оройноос эхлэх манай сувгийн эфирээс үзээрэй.

-Нээлтийн арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-МҮОНРТ-ийн “Студи 600”-аас 17:30 цагт нээлтийн арга хэмжээг МҮОНТ-ийн Нэгдүгээр суваг, “Монголын мэдээ” суваг болон “MNB Sport” сувгаар шууд дамжуулна. Нийт 90 минутын шууд дамжуулалтын дараа 19:00 цагаас “MNB World” суваг Скаймедиа, Юнивишн, Сансар, Эм Эн Би Си, ДДИШ-ийн 68 дугаар суваг дээр эфирээ нээж, манай сувгийн англи хэл дээрх хөтөлбөр дөрвөн сувгаар зэрэг хүрнэ. Ингээд 20:00-23:00 цаг хүртэл манай суваг хөтөлбөрөө зөвхөн өөрийн суваг дээрээ үргэлжлүүлэн хүргэх юм.

Үүнээс гадна бид гадаадын болон эх орноосоо алс байгаа үзэгчиддээ онлайн, дижитал платформуудаар дамжуулан контентоо хүргэсээр байгаа. Манай сувгийн “Facebook”, “Youtube” хуудсаар аль ч орноос хандаж, тогтмол шинэ соргог мэдээ нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжтой. Эцэст нь “MNB World” сувгаар дамжуулан эх орноо дэлхий дахинд таниулах үйлсэд иргэн, үзэгч бүр нэгдэхийг уриалж байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Эрдэнэсувд: “MNB World” суваг Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 3463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй