Шууд Chart

Хийморийн дарцагтай МОНГОЛ АЙЛ

2019-01-24 09:46:33

Дэлхийн сая живаа айлуудаас монгол айл хийморийн дарцагтай. Их хөлөгний уламжлалаас эхтэй таван махбодод оршиж дөчин хоёр мянган судалд түшсэн сэтгэлийг хөлөглөсөн морийг шүтэн  монгол хүн, монгол айл Хийморийг дарцагладаг.     

Амь баригч хийн-морь дүүлэх болтугай хэмээн монгол айл сар шинэдээр Хийморийн дарцгийг бүтээдэг. Хийн морийн дарцгаа гэрийн  эзэн, ханийн тэнгэрээс бүтээдэг. Хийн-морийн тэнгэр 8 отгон тэнгэрээс эхтэй. Махбодийн, тарнийн  хэлний, хөвөөний, өдрийн, голын, гарагийн, зүгийн тэнгэр гэж бий. Энэ 8 тэнгэр өөр өөрийн махбодтой  өнгөтэй. Энэ бүхэн Хийморийн дарцагт шингэсэн байдаг.

Хийморийн дарцагийг хийсгэхийн өмнө монгол айл Да буулгадаг. Энэ маань Лундаа гэсэн үг. Хийморь лундаа ямархан байна гэдгийг өгүүлэх судар бий. Энэ судар ховордож уншиж тайлах хүн цөөн болсон ч шүтэн барилдлагыг мэдэх  лам хуврагууд энэ ёсыг гүйцэлдүүлж байна.

Хийморь Лундааны Да үсгийг буулгасан зурхайн цаглабар гэж байна. Энэ цаглабарт  арван барилдлагад 12 жил эв эеэрээ дөрвөн зовхис болдог байна. Бар тэргүүтэй, морь нохой жил. Гахай ахалсан хонь туулай жил. Хулгана ахалсан луу бич жил, Тахиа анхалсан Үхэр могой жил байна.  Хийморь лундаа хааш харсан байна?  Да-г буулгахдаа төрсөн жилээс үүдэн бүстэй хүнийг нар зөв, бүсгүй хүнийг нар буруу эргүүлэн Да-г жилээр  тоолно Хэрэв Да   хэн нэгэнд хазгай буувал  жилийн нуруунд  тэр хүнд тухайлж Хийморийн дарцгийг  заавал бүтээнэ. Жишээ нь  гэрийн эзэн төмөр бар жилтэй байлаа гэж бодвол хийморийн дарцгийн эх өнгө гарво буюу цагаан торгон болно.

Гарбо махбодод тарнийн үсгийн өнгийг олно. Сэрбо буюу шар өнгөөр бүтээх юм байна. Ингээд өөрийн махбодыг илэрхийлсэн өнгөтэй өөрийн гэсэн тарнитай Хийморийн дарцагт Бурхан багшийн болоод цаглашгүй гэрэлт, гэгээн гэрэлт язгуур гурван бурхны тарнийг шаглана. Хийморийн дарцгийн дор  хэнд зориулсан тэр  эзний нэрийг заавал бичдэг. Түвдээр буулган бичнэ. Хийморийн дарцагт уйгаржин эсвэл түвд үсгийг л барьдаг байна. 

Хийморийн дарцаг бүтдэг 8 отгон тэнгэрийн 4 дэх тэнгэр бол дарцгийн хөвөө юм. Энэ хөвөөнөөс дарцгийн 3 хэл мэндэлнэ. Хэл бүр өөрийн гэсэн тарнитай. Энд гэрийн эзний мэнгэний бурхны тарнийг тавьдаг. Хэл бүр дээр  бичиж тавина. Одоо Хийн морийн дарцгаа хийсгэх гараг өдөр зүгийг харна  Хийн морийн дарцгаа  хийсгэхээс өмнө гэрийн шүтээндээ  үзүүлэн гаргана.  

Монгол айлын гэрийн шүтээн Лагшин, Зарлиг, Бодь мөрөөс бүрддэг, өөрөөр хэлбэл бурхдын хөрөг зураг, судар ном айлдвар, бодь суваргаас бүтдэг. Шүтээндээ үзүүлсэн хийморийн дарцгаа аль ойр байгаа шүтээн овоо уул хайрхандаа  зална. Хийморийн дарцгийг аль болох өндөрт хийсгэнэ. Ургаа модонд,  усны ойр хавьд  залахыг ихэд цээрлэнэ. 

Хийморийн дарцгаа хийсгэхдээ цацал өргөн ёсолдог. Хөх мөнгөн тэнгэртээ, хөрс газар шороондоо, рашаан охь усандаа, алтран бадрах галандаа дээрхээс онгон шүтээндээ, Оройн дээд Очирваань бурхандаа,  Их эзэн хаандаа, Төрийн хараа “Ихт хар хамгийн дээд цагаан сүрт тугандаа, Алтан соёмбот Төрийнхөө сүлдэд есөн цацал өргөн залбирдаг.

Монгол айл хийморийн дарцагтай. Хийморийн дарцаг  гэдэг ийм  билэгдэл ёстой дэг  жаягтай ажээ. Хийморийн дарцгийн тухай өгүүлэхэд  Цаглашгүй гэрэлт бурхан урлалын төвийн тэргүүн Д.Ухаанзаяа, Нууц товчоо судлалын төвийн тэргүүн академич Д.Цэрэнсодном нар тусаллаа.

Нийтэлсэн: Ю.Гантөмөр

Хийморийн дарцагтай МОНГОЛ АЙЛ  
Үзсэн: 4406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй