
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр болов. Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.
- “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй байгуулах концессын гэрээний төслийг эцэслэн боловсруулж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцүүлэхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгав.
- Бэрхийн уурхайд суурилсан далд уурхайн музей бүхий эрдэс баялгийн салбарын мэргэжлийн боловсон хүчний сургалт, судалгааний төвийн төслийн нэгж байгуулахаар болов.
- Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулав. Энэ удаагийн экспо 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанцав хотод болно.
- “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д энэ оны эхний улиралд 2165 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 2009 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 92.7 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар хөндөж эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, төсөв, санхүүгийн дэмжлэг хүсчээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.