Шууд Chart

Игорь Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн чуулга Монголд тоглолтоо хийнэ

2019-08-31 18:15:29

Халх голын Ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх олон талт ажлын хүрээнд Монгол Улсад Игорь Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн чуулга хүрэлцэн ирээд байна. Тус чуулга есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Нийслэлийн СТӨ-нд тоглолтоо хийх юм. 

Тус чуулга нь 1937 оны хоёрдугаар сарын 10-нд байгуулагдсан, 30 хүний бүрэлдэхүүнтэй, тухайн үедээ ЗХУ-ын олон үндэстний /16 Бүгд Найрамдах улс/ ардын бүжгээр урын сангаа бүрдүүлэх зорилготой байжээ. Үүний тулд Зөвлөлтийн өргөн уудам нутгаар аялан ардын урлаг, уламжлалтай танилцан судалж байсан байна.

Харин 1940-өөд оны сүүлээс дэлхийн улс үндэстний ардын бүжгээр урын сангаа баяжуулан өргөжүүлжээ. Одоогийн байдлаар тус чуулга урын сандаа 300 гаруй бүжигтэй, 60 гаруй оронд аялан тоглоод буй юм байна. 

Тодруулбал, 1946 онд Польш, Унгар, Румын, Чехословак, Болгар, Югослав зэрэг оронд, 1955 онд Зөвлөлтийн урлагийн хамтлагуудаас анх даа Франц, Англид, 1958 онд АНУ-д айлчлан тоглож байсан түүхтэй.

1965 онд чуулгынхаа түүхэн замналыг өгүүлсэн "Бүжигт хүрэх зам" /Дорога к танцу/ хэмээх бүрэн хэмжээний бүтээл хийж, энэ цогц бүтээлээрээ 1967 онд ардын бүжгийн хамтлагуудаас анх удаа "Эрдмийн" /академический/ чуулга болсон байна.

Тус чуулга байгуулагдсан үеэсээ л тэргүүлэх болон гоцлол бүжигчин гэж байхгүй, шаардлагатай үед хэн нь ч гоцлох чадвартайгаар бүх бүжигчдээ бэлтгэж иржээ. 

Тоглолт бүр нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, бахархлыг төрүүлдэг энэ хамт олны сэтгэлгээ, илэрхийлэл, ансамбль буюу хоршил, гүйцэтгэл нь үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг билээ.   

Тус тоглолтыг дамжуулах онцгой эрхийг МҮОНРТ эзэмшиж байгаа юм. 


Игорь Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн чуулга Монголд тоглолтоо хийнэ   
Үзсэн: 2656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй