Шууд Chart

Тамирчдад cap бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо

2014-03-03 10:57:05

"Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам"-ыг шинэчлэн батлалаа. Энэ журмаар тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ, Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд cap бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ, Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээг тус тус тогтоолоо.

Өмнөх тогтоолоор зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь cap бүр олгох мөнгөн урамшууллыг хамтатган олгож байсан юм. Энэ нь оюутан, залуучуудын насны ангилалд мөнгөн шагнал давхардах нөхцөл үүсгэснээс гадна "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 7.1.4-т заагдаагүй тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн шагнал олгохоор байсан юм.
 
Шинэчилсэн журамд хэд хэдэн өөрчлөлт орлоо. Тухайлбал, спортын төрлүүдийн гранд слам, гран при, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний амжилт тус бүрт олгохгүйгээр тухайн жилийн амжилтуудыг нэгтгэн жилийн эцэст хамгийн өндөр амжилтын үзүүлэлтээр нэг удаа мөнгөн шагнал олгох, Олимпийн бус төрлүүдэд зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний амжилтад мөнгөн шагнал олгох, тухайн спортын төрөл нь олон төрлийн нийлбэр дүнгээр амжилтыг нь тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медальд ногдох мөнгөн шагнал олгох, хуулийн дагуу тивийн аваргын амжилтад мөнгөн шагнал олгохгүй байхаар заажээ.
 
Мөн багийн спортын төрлийг дэмжих, багийн тамирчдын оролцоог бодитой үнэлэх зохицуулалтууд ч оруулсан байна. Талбайд үндсэн тоглогч, сэлгээний тоглогчийн гүйцэтгэж буй үүрэг оролцоог ялгамжтай тооцно. Засгийн газрын мөнгөн шагнал, үе үеийн олимп, дэлхийн медальтнуудад cap бүрийн мөнгөн урамшуулал олгох ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгохын тулд цаашид ССАЖ-ын сайд энэ асуудлыг шийдвэрлэж байхаар боллоо.
 
Тамирчдын амжилт өсч, оролцох тэмцээн наадам олширч байгааг харгалзан жил бүр шагналын зардлыг тодорхой хувиар нэмж төсөвт суулгана. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээний 80 хувиас медаль хүртэж байна. Өнгөрсөн онд гэхэд 1.2 тэрбум төгрөгийг тамирчдын насан туршийн cap бүрийн мөнгөн урамшуулалд, 1.3 тэрбум төгрөгийг тухайн жилд гаргасан тамирчдын амжилтын мөнгөн шагналд тус тус олгожээ.

Тамирчдад cap бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй