Шууд Chart

Д.Ариунсан: Би түрүүлнэ, аварга болно гэсэн зорилготой “Монголын нинжа дайчид" шоунд орсон

2019-10-08 15:53:29

МҮОНРТ Японы TBS телевизийн “Сасүке нинжа дайчин" экстрим шоуг “Монголын нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэж эхэлсэн. “Монголын нинжа дайчид" шоуны шилдэг оролцогч Д.Ариунсантай ярилцлаа.

-Сайн байна уу. “Монголын нинжа дайчид" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай MNB.mn сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Ариунсан гэдэг, 26 настай. Би БНХАУ-д Олон улсын худалдаа, хятад хэл судлаач мэргэжил эзэмшсэн. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Орхон аймагт ахлах сургуульд сурч байгаад 2009 онд АНУ-ын Вашингтон ДС хотод үргэлжлүүлэн сурсан. Америкийн ахлах сургуулийн сурагчид сагс, фитнесс зэрэг хичээлээс сонгож суралцдаг юм билээ. Миний хувьд фитнессийн ангид сурсан. Тухайн үеэс спортын бүх л төрлөөр жигд хичээллэхийг зорих болсон.

-Өмнө нь гадны орны “Нинжа дайчин” шоуг үзэж байсан уу?

-АНУ болон Английн нинжа дайчид шоуг үзэж байсан.

-Яагаад “Монголын нинжа дайчид” шоунд оролцохоор болсон бэ?

-Надаас гадна найзууд, хэд хэдэн танил маань “Монголын нинжа дайчид” шоунд хамт орсон л доо. Анх манай найз Г.Анархүү “Ninja warrior” Монголд хийгдэж байгаа гэдгийг надад хэлсэн. Би сонсчихоод МҮОНРТ энэ экстрим шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо хийж байгаа юм чинь оръё гэж шууд л шийдсэн. Гадны улсад зохиогдсон шоунуудыг үзэж байсан болохоор өөрийгөө сорьж үзмээр санагдсан л даа.

-Өөртөө ямар зорилго тавьсан бэ. Оролцохынхоо өмнө шоуны цор ганц ялагчийг “Nissan Qashqai” төмөр хүлгээр байлах тухай сонссон уу?

-Сонссон. Би түрүүлнэ, аварга болно гэсэн зорилготой оролцсон. .

-“Нинжа дайчин” шоуг зурагтаар үзэх, өөрөө оролцох хоёр хэр их ялгаатай байв?

-Мэдээж их ялгаатай юм билээ. Миний хувьд нэгдүгээр үеийн даалгавраа биелүүлэхийн өмнө тайзан дээр гараад тэр олон гэрэл, камер, хөтлөгчдийг хараад л сандарчихсан. Нэлээд сандарсан болохоор даалгавраа биелүүлэх явцад хөтлөгчдийн хэлж байгаа үгс сонсогдоогүй. Харин дараагийн хоёр үед тухайн орчиндоо дасчихсан болохоор даалгавраа биелүүлэхдээ сандраагүй. Мөн хөтлөгчдийн зөвлөгөөг ч сонсож, зарим тохиолдолд үгийг нь дагасан.

-Үе тус бүрийн хамгийн хэцүү саад юу байв?

-Сандраад байсан болохоор ч тэр үү эхний үеийн “Таван лантуу” эвгүй байсан. Бусад саад боломжийн юм билээ. Харин хоёрдугаар үеийн “Аалзны алхаа” саадыг давсны ард хөтлөгчид цаг бага үлдсэнийг сануулсан. Би яараад “Усан бассейн”-руу орохдоо ус залгичихсан. Мөн хоёрдугаар үеийн зураг авалтад орой 18:30 цагийн орсныхоо дараа 11 цагийн дараа өглөө гуравдугаар үеийн даалгавраа биелүүлсэн. Хэрвээ 24 цаг амрах хугацаа байсан бол гуравдугаар үеийг давчхаар байсан.

-Гуравдугаар үеийн “Гадаст самбар”саадыг биелүүлэхдээ нэлээн хол зайнаас үсэрчих шиг болсон. Хэрвээ зайгаа ойртуулсан бол тэр саадыг давчхаар харагдаж байлаа?

-Тийм ээ. Яг харайхынхаа өмнө нь би гадастай самбарын бариулаа буруу нүхэнд хийчихсэн. Мөн самбар хооронд санаандгүй нэг гараа хавчуулчихсан юм. Өглөөний 05:00 цагийн үе байсан болохоор хүйтэн, бас нэг гар өвдөөд байсан болохоор цуцахаасаа өмнө гялс үсэрчихье гэж бодсон л доо. Хэрвээ амжилттай үсэрсэн бол дараагийн “Гулсуурт турник” саадыг давчих л байсан. Бүр дөрөвдүгээр үе ч санаанд багтаад л байлаа.

-Өнгөрсөн бямба гарагт өөрийн оролцсон дугаараа хаана, хэнтэй хамт үзсэн бэ?

-Гэртээ, ээж дүүтэйгээ хамт үзлээ. Өөрийгөө харж баахан л инээлээ. Мөн найз нөхөд, танилууд “Чи зурагтаар гарч байна” гээд л залгасан. Бас “Үнэхээр сайн байна. Олон ч хэцүү даалгаврын ард гарлаа” гэж баяр хүргэсэн.

“Монголын нинжа дайчид” шоу дахиж зохиогдвол даагаа нэхэх үү?

-Дахиж орноо. Гэхдээ энэ удаагийн “алдаа”-гаа ахиж давтахгүй. Миний хувьд гүйх, ууланд алхах, найзуудтайгаа сагс тоглох зэргээр амьсгаа задлах болон фитнесст турник дээр дасгал хийсэн. Мөн усанд сэлэлтийг орхигдуулаагүй.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Ариунсан: Би түрүүлнэ, аварга болно гэсэн зорилготой “Монголын нинжа дайчид" шоунд орсон  
Үзсэн: 2891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ххххх [127.0.0.xxx] 2019-10-10 09:59
мундаг байсан

Бидэнтэй нэгдээрэй