Шууд Chart

Инженер, технологийн 1000 мэргэжилтэн Японд сурна

2014-03-14 09:01:07

Монголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэх гэж байна. 75 сая ам.долларын санхүүжилттэй "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хослосон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр батлагдсан "Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр"-т "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг хэрэгжүүлэхээр тусгаад байсан юм. Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн онд тус улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Энэ төсөл хэрэгжснээр манай их, дээд олон улсын түвшний инженер бэлтгэх сургалтын хөтөлбөр, орчинтой болно гэж салбарынхан онцлож байна. 2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их, дээд сургуулиуд  харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай юм. 
 
Мөн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх КОСЭН-ы бэлтгэл сургалтын хөтөлбөр боловсруулж Японы КОСЭН-ы гуравдугаар  курсэд элсэн ороход шаардлагатай мэдлэгийг олгох гэж байна. Ингэснээр бага зардлаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол олгох боломж бүрдэж байгаа юм.
 
 "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтныг бэлтгэх боломжтой юм.

Инженер, технологийн 1000 мэргэжилтэн Японд сурна  
Үзсэн: 2907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй