Шууд Chart

“Алтайн хүдэр”-ийн олборлолт явуулах эрхийг хасах уу?

2014-03-14 10:33:42

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн хүдэр” компанид 183 км хатуу хучилттай замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага хүргүүлжээ. Учир нь “Алтайн хүдэр” компани Говь-Алтай аймгийн Цээл суманд хүдэр олборлолт явуулаад өдгөө таван жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд анх олборлолт явуулж эхлэхдээ компанийн байгууламжаас Таян нуурын уурхай хүртэлх 183 км замыг хатуу хучилттай зам болгоно гэж амлаж байсан аж. Гэтэл өнөөдрийг хүртэл хатуу хучилттай зам ашиглалтад ороогүй байгаа юм.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаа нараар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар тус компани ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдалд анхаарал хандуулдаггүйн улмаас ажилчид осолд орох нь нэмэгдсээр байгаа нь илэрчээ.
 
Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын зүгээс тус компанийг зөрчлүүдээ яаралтай арилгахгүй бол олборлолт явуулах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ.
 
Уг асуудлаар өнгөрсөн онд нутгийн иргэд “Алтайн Хүдэр” компани нийт 168 километр шороон замаар тээвэрлэлт хийж буйгаас үүдэн  тоосжилт ихээр үүсч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломжгүй болгож байна гэж мэдэгдэж, холбогдох газруудад шаардлага хүргүүлж байсан.
 
Харин “Алтайн Хүдэр” компанийн Мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн захирал н.Бурмаа “Манай компанийн ажил хэвийн явагдаж байгаа. БОНХЯ-тай манайх гэрээгээ шинэчлэн байгуулснаар уг зам 2014 онд дуусахаар үзэглэгдсэн. Угаасаа энэ оны дөрөвдүгээр сараас эхлэсэн зам ийм хурдан хугацаанд дуусна гэж байхгүй ш дээ” гэсэн тодруулга өгч байсан юм. 
 
Ямартай ч аймгийн Засаг даргын зүгээс иргэдийнхээ санал гомдлыг хүлээн авч, шалгалтын дүгнэлтэд үндэслэн дээрх шаардлагыг хүргүүлж байгаа тул “Алтайн Хүдэр” компани хөдөлмөр аюулгүй байдалдаа анхаарч, хатуу хучилттай зам барих ажлаа урагшлуулах шаардлага үүсч байгаа юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Алтайн хүдэр”-ийн олборлолт явуулах эрхийг хасах уу?   
Үзсэн: 2222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-19 17:00
Яг тодруулвал Энэ замынхаа менгеер Их говь энерги гдг компани байгуулж 2012 онд Дорноговьд нэгэн нуурсний уурхай ухаад амжилтгуй болж дампуурсан гэсэн шуу
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-04-19 16:00
Угаасаа аль дээр үед л замаа барих байсан ч Алтайн хүдэр өөр зүйлд хөрөнгө хаясаар ийм болсон гэж юм мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.

Бидэнтэй нэгдээрэй