
Франц улсын Тулуз хотын хойд зүгт байрлах Тарн гэх голын дээгүүр тавигдсан гүүр даваа гарагийн өглөө нурсан байна. Мирпуа-сюр-Тарн гэх тосгоны ойролцоо байрлах гүүр нурах үед хоёр ч машин дээгүүр нь зорчиж явжээ. Энэ хоёр машины нэг нь 50 тонн жинтэй ачааны машин байсан юм.
Дээд тал нь 19 тоннын даацтай гүүрээр 50 тонн ачааны машин гарах гэж оролдсон нь энэ ослын үндсэн шалтгаан гэж шинжээчид үзэж байгаа. Ослын үеэр ачааны машины жолоочоос гадна өөр нэгэн суудлын автомашинд зорчиж явсан 15 настай охин амиа алджээ. Мөн машинтайгаа голын усанд унаан зорчигчдыг аврах гэж аврах үеэр орон нутгийн иргэд ч гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ.
Анх 1931 онд баригдсан энэ гүүрийг засварлах ажлыг 2003 онд явуулсан бөгөөд осол болохоос өмнө ямар нэгэн ан цав, гэмтэл үүсээгүй байсан талаар албаныхан мэдээлсэн байна. 155 метрийн урттай, 7 метрийн өргөнтэй энэхүү гүүр нь Тулуз хотын ойролцоох бүс нутгийг холбодог чухал зам байжээ.
Тус ослын дараагаар Францад гүүрний чанарын асуудал сөхөгдөөд байгаагаар зогсохгүй тус улсад 25000 гүүрийг яаралтай шинэчлэн засварлах ёстой гэсэн судалгаа гарчээ. Мөн том оврын техник хэрэгсэл, машины жолооч нар гүүрний даацыг үйл хайхрах явдал түгээмэл байдаг гэсэн шүүмжлэл гараад байна.
Франц улсад 25000 гүүрийг яаралтай шинэчлэн засварлах шаардлагатай | ||
Үзсэн: 1390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.