АББА бол Шведийн нийслэл Стокольм хотноо 1972 онд байгуулагдсан поп хөгжмийн хамтлаг юм. Хамтлаг Анни-Фрид Лингстад, Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Агнета Фельтског нарын гишүүдээс бүрддэг байв.

1972-1983 оны хооронд дэлхийн урлагт хайртай залуусыг өөрсдийн хоолой, өнгө төрхөөрөө дагуулахуйцаар идэвхтэй хөдөлмөрлөж байсан бөгөөд тэд өөрсдийн урын сандаа багтсан бүтээлүүдээ өөрсдөө зохиодог байжээ. АББА хамтлаг дэлхий даяар 375 сая хувь хуурцаг борлуулсан гэх амжилтаараа шилдэг амжилтуудын нэгийг тогтоосон байх ба хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйгээс бүрдсэн тус хамтлагийн "Gimme Gimme Gimme A Man After Midnight", "Money Money Money", "Mamma Mia", "Dancing Queen", "Happy New Year" зэрэг маш олон сайхан уянгалаг дуунууд нь тэдний нэрийн хуудас болсон бүтээлүүд юм.
Бенни Андерссоний хувьд 1946 оны арванхоёрдугаар сарын 16-нд Шведийн Стокольмд мэндэлжээ. Залуу 18 настай байхаасаа рок хөгжмийн "The Hep Stars" хамтлагийн гишүүн байжээ. Тухайн үедээ Шведийн Битлз гэгдэж байсан хамтлагийн даралтат хөгжимчнөөр тоглодог байв.

Бьорн Ульвеус 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Шведийн Гётеборг хотод төржээ. Хөгжмийн урлагийн замналаа мөн л 18 настайгаасаа "The Hootenanny Singers" хэмээх ардын хөгжмийн хамтлагт дуучин, гитарчнаар эхлүүлж байсан байна. "The Hep Stars" хамтлагтай тус хамтлаг хэд хэдэн удаа хамтран аялан тоглолт хийж байсан ба тухайн үеэс Андерсен, Бьорн нар хамтран "Isn't It Easy to Say" дуунаас авахуулаад хэд хэдэн дууг зохиож, "The Hep Stars" хамтлаг сонсогчдодоо хүргэж байв. 1969 онд Бьорн Ульвеус хувийн амьдралдаа анхаарах болсноор хамтлагийн бүрэлдэхүүнээс гарсан юм. Тэр Агнета Фельтскогтай гэр бүл болжээ. Андерссоны хувьд ч 60-аад оны сүүлээс бие даасан уран бүтээл гаргах болсон байна.

Агнета Фельтског 1950 оны дөрөвдүгээр сарын 5-нд Шведийн Йёнчёпинг хотод мэндэлжээ. Тэрбээр нь 17 настайгаасаа эхлэн авьяаслаг уран бүтээлч болохыгоо өөрийн зохиосон дуугаараа Шведийн ард түмэнд харуулсан бүсгүй бөгөөд бие даасан таван цомог гаргажээ. Фельтског 1973 онд "Jesus Christ Superstar" кинонд тоглож жүжигчний авьяастай болохоо харуулж байжээ. 1968 онд телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ нөхөр Бьорн Ульвеустай танилцсан түүхтэй. Тэд 1971 онд гэрлэсэн бөгөөд тухайн үедээ хамтран дуулах болж, "Som jag дr" ("As I Am") дуугаа Андерсен болон Лингстад нарын хамт дуулж үзжээ.

Анни-Фрид Лингстад 1945 оны арваннэгдүгээр сарын 15-нд Норвегийн Бөйркесен хотод төрсөн байна. Тэрбээр 13 настайгаасаа бүжгийн хамтлагт дуулж, бүжиглэж ирсэн бөгөөд хожмоо "Анни-Фридийн дөрвөл" хэмээх хамтлаг байгуулан олонд танигдаж байжээ. "En ledig dag" ("A Day Off") дуугаараа үндэсний дууны шалгаруулалтад түрүүлж байсан тэрбээр Шведийн алдартай дуу бичлэгийн "EMI" хэмээх студитэй гэрээ байгуулан хамтран ажиллах болсноор төдийлөн олноо танил болж амжаагүй Лингстад телевизийн тоглолтын цаг булангаар эчнээ танил болж, улмаар АББА хамтлагийг 1972 онд байгуулагдахад арын вокалистаар орж байсан түүхтэй.

Хамтлагийн анхны хоолойн бичлэг "Hej, gamle man" хэмээх хуучны дуу байжээ. Тэдний 15 долоо хоногийн турш хит дууны жагсаалтыг тэргүүлж байсан байх юм. Ингээд удалгүй "People Need Love" дууг дуулж, Бьорн ба Бенни, Агнета ба Анни-Фрид синглийг гаргажээ. Дараа нь буюу 1972 оны есдүгээр сарын 26-нд хамтлагийн хоёр эмэгтэй нь гоцлон "Nina, Pretty Ballerina" дууг дуулснаар хамтлаг цаашдаа хоёр эрэгтэй нь вокал хийх шийдэлд хүрсэн гэдэг.

1973 онд АББА хамтлаг Стиг Андерсон гэх менежертэй болсон байна. Түүний хичээл зүтгэлээр "Ring Ring" дууныхаа нэрээр нэрлэгдсэн анхны цомгийг хэвлүүлжээ. Тус цомог хамтлагт хангалттай амжилтыг авчирсан гэдэг.
Хамтлагийн менежер Стиг Андерсон хамтлагт нэр өгөхдөө "Алибаба," "ФАББ," болон "Баба" гэх хэд хэдэн саналыг гаргаж ирсэн ч "АББА" хэмээх нэрийг хамтлагийн гишүүдийн нэрний эхний үсгээс санаа авч өгсөн гэдэг. Агнета, Бьорн, Бенни болон Анни-Фрид гэсэн дарааллаар нэрийг нь байршуулсан байна. Энэ хооронд Агнета, Ульвеус нар болон Лингстад, Бенни нар гэр бүл болсон юм.

АBBA хамтлагийн гишүүд хамгийн сүүлд 2008 онд Лондон, Стокгольм хотуудад болсон “Mamma Mia” киноны нээлтэд хамтдаа оролцож байсан. Гэвч тухайн үед дөрвүүлээ хамтдаа дурсгалын зураг татуулаагүй. Учир нь Агнета Фельтског хуучин нөхөр, хамтлагийн гишүүн Бьорн Ульвеустай харьцахаас татгалзсан юм.
2010 оны гуравдугаар сарын 15-нд АББА хамтлагийн Рок болон Рок'н Роллын хүндэтгэлийн танхимд байршуулсан юм. Ёслолын арга хэмжээнд хамтлагаа төлөөлөн Анни-Фрид Лингстад болон Бенни Андерссон нар ирсэн гэдэг.
2016 оны нэгдүгээр сарын 21-нд Стокгольм хотын “Tyrol” ресторанд болсон "Mamma Mia! - The Party" үдэшлэгт хамтлагийн гишүүд Агнета Фельтског, Бьорн Ульвеус, Бенни Андерссон болон Анни-Фрид Лингстад нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирээд зогсохгүй олон жилийн дараа анх удаа хамтлагаараа зургаа татуулсан байдаг.

АББА хамтлагийн цомгууд:
Ring Ring (1973)
Waterloo (1974)
ABBA (1975)
Arrival (1976)
The Album (1977)
Voulez-Vous (1979)
Super Trouper (1980)
Дэлхий дахинаа "шинэ жилийн сүлд дуу" хэмээгддэг АББА хамтлагийн "Happy New Year" дууг сонсгоё.
| Домогт АББА | ||
| Үзсэн: 3850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.