Хорхойгоо дарна гэж байдаг даа. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг ДБЭТ-т гадаадын зочин хөгжимчидтэй хамтарч, сонор мялааж, сэтгэл хөглөсөн сайхан бүтээлүүд сонсгож, гадаадад тоглоход нь дагаж яваад сонсохсон гэж бодож, хорхойсож байсныг дарав.
Төгөлдөр хуурч 1990-ээд онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерватори төгсөөд, Испани улсад олон жил амьдарсан юм. Одоогоос найман жилийн өмнө эх орондоо суурин амьдарч, ажиллахаар ирсэн. Түүнээс хойш зургаа дахь удаагийн уран бүтээлийн бие даасан тоглолтоо сонгодог хөгжим сонирхогчдод хүргэсэн нь энэ. Тоглолтын хөтөлбөрт ихэд анхаардаг, сонсогчдод улиг болоогүй бүтээлүүд хүргэхийг хичээдэг, манай улсад туурвил нь тэр бүр “амьд”-аар сонсогдож байгаагүй хөгжмийн зохиолчдын бүтээл сонгодгоор өвөрмөц.
Энэ удаа тэрбээр уламжлал ёсоор аав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн дуунуудаас хоёрыг тоглосон. Испанийн нэрт хөгжмийн зохиолч, ард түмэн нь “Манай Шопен” хэмээн хүндэлдэг Э.Гранадос, Аргентины хөгжмийн зохиолч, XX зууны хоёрдугаар хагаст хөгжмийн танго төрлийг жааз болон сонгодог хэв маягаар баяжуулан өөрийн гэсэн өнгө аяс бүхий төрөл жанр бий болгосон алдарт А.Пьяццолла, хүн төрөлхтний суут хөвгүүн, хөгжмийн зохиолч Л.В.Бетховен нарын, спортынхны хэлдгээр “гал ассан” хөгжмүүд сонсголоо.
Хамтран хөгжимдсөн уран бүтээлчид нь тоглолтын хөтлөгчид ”Бидний тухай танилцуулаад яах юм бэ. Саяа багшийн тухай л яриарай” гэж даруу зан гаргасан Хуан, Пол хоёр юм. Хуан Ду бол өдгөө БНХАУ-ын Үндэсний дуурийн театрын симфони найрал хөгжмийн концертмейстер. Уран бүтээлийн замналаа Еврпоос эхлүүлж, тэнд л боловсорсон бөгөөд гурван жилийн өмнөөс тус оркестрт ажиллахаар эх орондоо иржээ. Виолончельч, багш Пол Йорк нь АНУ-ын Луисвиль их сургуулийн утсан хөгжмийн тэнхимийг удирддаг, цуутай хөгжимчин Ёо Ёо Матай ч хамтарч тоглож байсан, өнөө цагийн шилдэг виолончельчдын нэг ажээ.
Ер нь төгөлдөр хуурч “Саяа ба түүний нөхөд” тоглолт бүрээрээ гадаадаас шилдэг хөгжимчдийг урьдаг. Гэхдээ энэ удаагийн баг, бүрэлдэхүүн ур чадвараар илүү, виртуоз уран бүтээлчид аж.
Гурван хөгжимчний хэн хэн нь гоцлол, камерный буюу цөөхүүл төрлөөр тоглож мэргэшсэн уран бүтээлчид бөгөөд тэд Э.Гранадос, А.Пьяццолла нарын гурвал болон Л.В.Бетховены төгөлдөр хуур, хийл, виолончельд зориулсан гурамсан концерт тоглосон юм. Эхний хөгжмийн зохиолчийн халуун цустай гэж бусад үндэстнээс ялгадаг испаничуудын шийдэмгий атлаа уянгалаг мэт өнгө аясыг мэдрүүлэм трио тоглосон бол дараагийн, танго суурьтай, дурлалдаа шатсан хос залуус орчин тойрноо анзаарах сөхөөгүй хөвөн хөөрөн, эргэлдэн бүжиглэхийг санагдуулам хөгжмөөр үзэгч, сонсогчдын сэтгэлийг уудлан, алжаалыг тайлав. Тэдний тоглохыг харах, сонсоход төгөлдөр хуур, хийл, виолончель гурвыг нэг хүн тоглоод буй мэт тийм нийлэмжтэй. Цөөхүүл төрлийн онцлог энэ ч юм даа. Аль нэг нь гоцолж, бусад хоёр нь дагалддаггүй, гагцхүү энэ тэнцүү түвшинд аваа, өгөөтэй хөгжимддөгөөр онцлог.
Л.В.Бетховены төгөлдөр хуур, хийл, виолончельд зориулсан, зарим хөгжимчин 40 орчим минут тоглодог, суут хөгжмийн зохиолч ямар ч чимээ сонсож чадахаа байсан үедээ бичсэн ч, хөгжмийн зохиомжийн үлгэр жишээ бүтээл болж алдаршсан гурамсан концерт тансаг ажгуу. Энэхүү том хэмжээний концерт манай улсад хоёр дахиа эгшиглэв. Өмнө нь төгөлдөр хуурч, СУИС-ийн багшаар ажиллаж байсан, өдгөө ӨМОЗО-ы Хөх хотын Урлагийн их сургуулийн багш Б.Оюунгэрэл, хийлч, Консерваторын багш Д.Галбадрах, виолончельч, өдгөө Швед улсын Стокгольм хотод симфони найрлын хөгжимчин Ц.Бэхбат нар тоглосон удаатай.
Саяа, Хуан, Пол нар гурамсан концертыг ДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй тоглолоо. Удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболдоос тоглолтын тухай сэтгэгдлийг нь сонсоход “Тоглолтод сэтгэл ханамжтай байна. Өндөр ур чадвар шаарддаг энэ концертыг гар нийлсэн хөгжимчид л тоглоно. Хүмүүс зочнн хийлчийг өнгө сайтай гэх зэргээр магтаад байна. Виолончель хөгжимчин ч гэсэн сайн юм. Мастер тоглоочид нийлжээ” гэж байлаа. Үнэхээр гоцлооч гурав уг концертыг симфони найрлын хамт эгшиглүүлж байхыг сонсож суухад хорвоогийн түмэн явдал нүдний өмнүүр эрээлжлэн өнгөрөхийн сацуу Саяагийн хаан хуурыг эзэмдэн, сайн найзтайгаа ямар нэгэн гоё юмны тухай ярьж буй мэт тайван агаад яв цав, эрэмгий, зоримог тоглохыг харж байх бахархалтай байлаа.
Энэ үдшийн тоглолтыг төгөлдөр хуурч С.Саянцэцэг хөгжмийн зохиолч аав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн хөгжим, дүү, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн найруулга “Зулай цагаан Алтай” хэмээх, төгөлдөр хуурт зориулсан бүтээлээр эхлүүлсэн бол төгсгөлд нь мөн аавынхаа бүтээл “Миний ээж тэмээчин” дууны төгөлдөр хуур, хийл, виолончельд зориулсан найруулгыг уран бүтээлийн андуудтайгаа хамт хөгжимдөж өндөрлүүлсэн юм. Уг бүтээлийг гадаадын хөгжимчид ойлгож, зохиолын гүнд нэвтэрч тоглож байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Тоглолтыг хөгжим судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг хөтөлж үзэгч, сонсогчдод хүргэсэн. Тэрбээр төгөлдөр хуурчийн тухай, аавынх нь талаар, зохиол бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлж, тайлбарлаж байсан нь агуулгыг тодотгож байв. Хөтлөгч төгсгөлд нь С.Саянцэцэг багшид үг хэлэх боломж олгоход тэрбээр юуны өмнө энэ үдэш зорьж ирж, хөгжим сонсож, сонороо мялаахын сацуу уран бүтээлчдийг дэмжиж буй үзэгчдэд, тоглолтын зохион байгуулалтад санаа тавьж, тусалсан шавь нарынх нь эцэг, эхчүүдэд талархал илэрхийллээ. Уран бүтээлийн тоглолт бүрийнхээ хөтөлбөрт аавынхаа зохиосон хөгжмүүдээс багтааж явах болсон нь монгол хөгжмөө сурталчлах санаа, зорилготой гэдгийг хэлж байлаа. Шинэ оныг БНХАУ-д хөгжим тоглож угтсан тухайгаа хэлэх явцдаа тэрбээр “Би энэ тоглолтоо суут Бетховены мэндэлсний 250 жилийн ойд зориуллаа. Энэ онд дэлхий даяар түүний хөгжмүүдийг өмнөхөөс илүү эгшиглүүлэх болно. Магадгүй энэ тоглолт анхных нь болов уу. Энэ үдэш нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Гадаадад монгол аялгууг шүтэн биширч байна. Одоогоос дөрөв хоногийн өмнө Нанжин хотод тоглоход үзэгчид Бетховеныг гэхээс илүү монгол хөгжим, аялгууны сайхныг магтаж, шагшаад байсан. Монгол хөгжим онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Ийм сайхан урлаг, хөгжимтэй монголчууд бид бие биеэ хайрлаж, дэмжиж, хамтдаа хол явах ёстой юм байна гэж бодсон” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Р.Оюунжаргал
| С.Саянцэцэг: Гадаадад Монгол аялгууг шүтэн биширч байна | ||
| Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.