Шууд Chart

Г.Ариунзул: Үзлэгт хамрагдаж байгаа 10 хүн тутмын 6-7 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

2020-05-13 17:17:23

Зарим үед тодорхой шалтгаангүйгээр санаа зовних үе байдаг. Санаа зовнил даамжирвал юунд хүргэдэг болоод түүнийг хэрхэн даван туулж, өөртөө амар тайван, эерэг мэдрэмж бий болгох талаар Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн Сэтгэц наркологийн эмч Г.Ариунзултай ярилцлаа. 

-Сэтгэл зовнил, түгшүүр гэдэг нь ямар нэгэн өвчин мөн үү?

-Удаан хугацаанд сэтгэлийн түгшүүртэй буюу сэтгэл шаналмааргүй зүйлд сэтгэл зовнин явах нь сэтгэцийн эмгэг байдалд хүргэж болно. Сэтгэл түгшилтийн улмаас нойр хямрах, толгой өвдөх, зүрх дэлсэх, амьсгаа давчдах, алга болон бүх биеэс хүйтэн хөлс ялгарах, ходоод орчим өвдөх зэрэг биеийн зовиурууд илэрдэг. Хэрвээ ийм зовиур илрээд байх юм бол сэтгэцийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Хавар хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болдог гэдэг. Сэтгэл зовнил улирлаас хамаардаг уу?

-Зарим нөхцөлд улирлаас шалтгаалж болно. Гэхдээ сүүлийн үед үүнээс илүүтэй орчин маш их нөлөөлөх болсон. Эдийн засгийн нөхцөл, нийгмийн орчин, хүмүүсийн харьцаа чухал. Жишээлбэл, өнөөдөр амбулаторийн үзлэгт 10 хүн хамрагдлаа гэхэд 6-7 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна. Тулгамдсан асуудалтай хүн гэдэг нь сэтгэцийн хувьд цоо эрүүл биш, нөгөө талаас ямар нэг сэтгэцийн онош тавигдаагүй хүнийг хэлнэ. Хүн амын дийлэнх хувь  нь ямар нэгэн байдлаар сэтгэлийн түгшүүр, зовнилтой, айдастай байгаа учраас сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид их хандах болсон. Хавар хүний дархлаа солигдохтой холбоотой даавар өөрчлөгдөхөд сэдэрч гарч ирж буй тохиолдол маш их бий. Миний ажигласнаар ялангуяа 40-өөс дээш насны буюу цэвэршилтийн насны эмэгтэй хүнд, 50-аас дээш насны эрэгтэй хүнд дийлэнх ажиглагдаад байна. Нойр хямрах, эсвэл ядрах үед үүнийгээ дагаад биеэ чагнадаг, өвчлөмтгий болох, сэтгэл зовнин, түгшүүртэй болох байдлууд ажиглагддаг.  

-Түгшүүр, зовнил гэж юуг хэлж байна. Сэтгэл зовнил, сэтгэл түгших хоёр ялгаатай юу?

-Ялимгүй зүйлд байн байн сэтгэл түгших, хий хоосон сэтгэл зовнихыг хэлдэг. Ерөнхийдөө сэтгэл зовнил, түгшүүрийн шинжүүд хамт илэрч байдаг. Голдуу ажил, гэр бүлийнхээ эрүүл мэнд, үр хүүхдийнхээ төлөө хий хоосон зовниж, үе үе өөрийн эрхгүй сэтгэл нь түгшиж байдаг. Сэтгэлийн таагүй байдал, шийдвэрлэгдээгүй болон нийгмийн тулгамдсан асуудлууд нь тухайн хүнд сэтгэл зүйн таагүй мэдрэмж төрүүлж, удаан хугацаанд үргэлжлэх юм бол тухайн хүнийг  сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж ойлгож болно. Харин ийм байлаа гээд сэтгэцийн өвчтэй боллоо гэсэн үг биш. Сэтгэл түгшүүрлэл нь бие, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл өгдөг. Түгшүүрээс болоод бие махбодын өвчний шинжүүд илрэх нь цөөнгүй. Жишээ нь, зүрх дэлслээ гэхэд заавал зүрх чинь муудсан байх албагүй, түгшүүр төрснөөс л толгой эргэх, амьсгал давчдах, гэдэс гүйлгэх зэрэг олон шинж тэмдэг илэрч болдог. Сүүлийн үед ийм зовиуртай хүмүүс их хандаж үзүүлэх болсон. Гэтэл иргэд буруугаар ойлгож, сэтгэцийн эмчид үзүүлэхэд, эм бичүүлэхдээ хүртэл сэтгэцийн өвчтэй болчихлоо гээд байдаг. Сэтгэцийн эрүүл мэнд гурван бүлэгт хуваагдана. Сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн, сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн, сэтгэцийн өвчтэй хүн гэж. Цоо эрүүл хүн өнөөгийн нийгэмд бараг үгүй болоод байна гэж хэлж болно. Сэтгэцийн өвчин гэдэг нь өвчний олон улсын 10 дугаар ангиллын тавдугаар бүлэгт тусгай шифр, кодоор бичигддэг онош тавигддаг хүнийг хэлдэг. Тиймээс тулгамдсан асуудал, өвчин хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Санаа зовнил, түгшүүр нь хэт удаан хугацаанд үргэлжилбэл хүний сэтгэл зүй, үйл хөдлөлд хэрхэн нөлөөлөх вэ?

-Илэрч байгаа шинжүүдээс, хувь хүний онцлог болон тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл зовнил, түгшүүр нь хэр нөлөөлж байгаас их шалтгаална. Төрөлхийн  сэтгэл зовомтгой, түгшүүр өндөртэй хүмүүс байдаг.  Дээр хэлсэн сэтгэл түгшүүр зовнилоос үүсэлтэй биеийн зовиурууд хэр их илэрч байгаагаас шалтгаалаад тухайн хүний ажлын бүтээмж болон хүмүүстэй харьцах харилцаанд нь хүртэл өөрчлөлт оруулдаг.

-Сэтгэцийн түгшүүр, зовнил даамжирсан тохиолдолд ямар үр дагавар үүсч болох вэ. Энэ тухайд? 

-Айдас, түгшүүр, сэтгэл зовнил удаан хугацаанд үргэлжилсний улмаас сэтгэцийн эмгэгтэй болдог. Шийдэж чадахгүй асуудлууд ихтэй, хэнд яаж хандахаа мэдэхгүй байх тусмаа тухайн хүн илүү хаалттай болно. Шийдэлд хүрч чадахгүйн улмаас дараагийн алхам бол амиа хорлолт байдаг. Өдөр тутам тулгамдаад буй асуудлынхаа гарцыг олж чадахгүй байгаатай холбоотой. Ялангуяа гэр бүлийн харилцаа маш төвөгтэй. Биесээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаас үндэслээд гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй тохиолдол их байна. Улмаар өсвөр насны хүүхдэдээ ямар нэгэн байдлаар айдас, түгшүүр ч юм уу зовиур үүсгэчихдэг. Энэ нь цаашлаад хүүхдийг ирээдүйд сэтгэцийн эмгэгтэй болгож болзошгүй нөхцөл байдал үүсгэчихдэг. Ерөнхийдөө бол маш өнгөцхөн зүйлээс том зүйл үүсч байдаг.

-Сүхбаатар дүүргийн ЭМТ энэ асуудалд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-2019 оноос эхлэн манай эмнэлэг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлж байгаа. Мөн 3-р шатлалын СЭМҮТ-ийн зөвлөгөө өгөх 1800-2000 дугаар ажиллах болсонтой холбоотой сэтгэцийн эмчид, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө тусламж үйлчилгээ авах хүн ихэссэн. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг дүүргийн харьяа төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиултай хамтран зохион байгуулан явуулдаг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, сувилагч, нийгмийн ажилтан гэсэн багаар хамтран ажиллаж ганцаарчилсан зөвлөгөө засал болон бүлгийн засалд хамруулдаг. 

-Хэдэн хүнийг эмчлээд байна вэ?

-Оны эхний 5 сарын байдлаар сэтгэл түгшилтээр 200 гаруй хүнийг хяналтад авсан. Одоогоор 5 хүнийг  эмчилгээ, сэтгэл заслын тусламж үйлчилгээнд хамруулаад явж байна.

- Эмчлэгдсэн хүмүүс цаашид юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Стресст өртөх бүр өвчин байн байн дахилт өгдөг учраас аль болох тайван байх, стрессээ зөв тайлж сурах хэрэгтэй.

-Сэтгэл зовнилд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ. Зөвлөгөө өгнө үү?

-Сэтгэл түгшилт, сэтгэлийн зовнилын үед гардаг шинжүүд угтаа бол стресст өгч буй биологийн хариу урвал, энэ нь олон дахин давтамжтай хүчтэй илрэх тусмаа эмгэг болох магадлалтай. Тийм учраас сэтгэлийн хаттай байх, өөрийгөө хөгжүүлж, сайн амарч нойроо сайн авч, өөрийгөө тайвшруулж, стрессээ зөв тайлж, ажил амралтаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийн тунг нь тааруулж сурах хэрэгтэй л гэж хэлмээр байна.

Нийтэлсэн: Ч.Өлзийсайхан

Г.Ариунзул: Үзлэгт хамрагдаж байгаа 10 хүн тутмын 6-7 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна  
Үзсэн: 3455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй