2018 оны 12 дугаар сард олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Уугантуяагийн үзүүлсэн амжилтын талаар шуугьж байв. Тайваньд зохион байгуулагдсан 24 цагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож чадсан энэ бүсгүй Зэвсэгт хүчний ажилтан албан хаагч юм. Тэрбээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Холбоо, мэдээллийн тасгийн залгагчаар 15 дахь жилдээ ажиллаж байна.
-Та хэзээнээс марафон гүйлтээр хичээллэх болсон бэ?
-2018 оноос.
-Тэгээд тэр жилдээ Монгол Улсын 24 цагийн марафон гүйлтийн рекордыг шинэчлэн тогтоосон гэж үү?
-Тийм ээ. 2018 оны тавдугаар сард “Дорнод” марафонд түрүүлээд олон улсын уралдаанд оролцох болзлоо хангасан. Миний хувьд өглөө, оройдоо тогтмол гүйж, амралтын өдрүүдэд 25-50 км гүйдэг байсан нь энэ спортод хөл тавих эхлэл болсон. Манай Зэвсэгт хүчний 327 дугаар ангид марафон гүйлтээр хичээллэдэг олон тамирчин алба хаагчдын ч нөлөө байсан.
-Хүн хичээвэл амжилт ойрхон гэдгийн нотолгоо юм байна...
-Тэгэлгүй яах вэ. “Дорнод” марафонд түрүүлсний дараа С.Өнөрбаяр багштайгаа танилцсан. Багш маань “Чамд энэ спортоор амжилт гаргах боломж харагдаж байна” гээд бэлтгэл, сургалтыг маань чиглүүлээд явчихсан даа. Тэгээд тэр жилдээ буюу 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2-ны өдрүүдэд Тайванийн Тайбэй хотод зохион байгуулагдсан хэт холын 24 цагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон минь тэр. Дэлхийн 10 гаруй орны шилдэг тамирчидтай хамт оролцсон. Миний хувьд 24 цагт 196,2 км туулж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олон улсын хэмжээний мастер цолоо мөн хүртсэн.
-Асар их тэвчээр шаарддаг байх...
-Хүний тэвчээр хаана барагддаг вэ гэдгийг сорьсон спорт шүү дээ. 24 цагийн туршид тасралтгүй гүйхдээ бүх зүйл маань нарийн төлөвлөгөөтэй байсан. Хэзээ ус уух уу, хэзээ юм идэх вэ гээд л. Мэдээж нэгэн жигд гүйх ёстой. Хэт хурдан гүйвэл амархан ядарна, хэт удаан явбал бие бас залхуурна. Тэр бүгдэд багш маань зааж зөвлөж байсан даа.
-Барианд орж ирэхэд юу бодогдов байв?
-Ямар ч байсан замаа л дуусгах ёстой гэж бодсон. Надад хайртай гэр бүл, хамт олон, найз нөхөд итгэл хүлээлгэсэн, би заавал замаа л дуусгах ёстой гэж бодсон. Ялангуяа, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон маань замын зардлыг даасан болохоор тэдэндээ сайн мэдээтэй очихсон гэж хүсдэг юм билээ. Ер нь манай хамт олон намайг үргэлж дэмждэг болохоор урам, зоригтой гүйдэг дээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохион байгуулагдсан 90 км-ын марафон гүйлтэд хоёрдугаар байр эзлээд ирэхэд мөн л манай хамт олон тосч аваад алга ташиж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Хэт холын марафон гүйсний дараа шингэнээ хэрхэн нөхдөг вэ?
-Багшийнхаа заавраар шингэнээ нөхдөг. Голдуу чихэртэй хар цай, зөгийн балтай ус уудаг.
-Энэ жил ямар уралдаан тэмцээнд орохоор төлөвлөсөн байсан бэ?
-БНСУ болон Хонконгт зохион байгуулагдах хэт хотын марафон гүйлтийн олон улсын тэмцээнд оролцох ёстой байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас явж чадаагүй.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Б.Ганбат гэдэг, бид хоёр охинтой. Анх 22-хон настай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хаалгаар орж байлаа. Өнөөдөр эргээд харахад хэдийн 15 жил өнгөрсөн байна. Манай хамт олон миний ололт амжилт, баяр, гунигийн алинд ч хамт яваад их баярлаж явдаг даа. Цаашдаа тив дэлхийд эх орон, Зэвсэгт хүчнийхээ алдар сууг цуурайтуулах мөрөөдөлтэй.
Ахлах дэслэгч Д.Болормаа
| Монгол Улсын 24 цагийн марафон гүйлтийн рекорд эзэмшигч Г.Уугантуяа | ||
| Үзсэн: 1767 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.