Шууд Chart

А.Намсаманд: Хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлээд байна

2020-08-24 15:17:00

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил болон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандтай ярилцлаа.

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр өмнө хийгдсэн болон одоо хийгдэж байгаа ажлын талаар яриагаа эхлэе?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах ялангуяа төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн төлбөр төлөгчдөд хүлээлгэх хариуцлагыг сайжруулах буюу чангатгах зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлсэн. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өдөр тутам хэрэглэгддэг дүрэм, журмуудыг шинэчлэх, сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж, уг судалгааны дүнг үндэслэн дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан нь зохих үр дүнгээ өгч эхлээд байна. Цаашид мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа, шинжилгээ хийх, ажил эрчимжүүлэх аян, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажиллахаар  төлөвлөөд байгаа.

-Эрх зүйн орчинг сайжруулж, өдөр тутам хэрэглэгддэг дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан нь зохих үр дүнгээ өгч байна гэж та хэллээ. Тухайлбал, ямар зохиуулалт, өөрчлөлтийг хийсэн бэ?

-Шийдвэр гүйцэтгэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа болох төлбөр төлөгчийн хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хөрөнгө битүүмжлэх, хураах, хураасан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох гэх мэт албадлагын арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэгч нар цахим бүртгэл давхар хөтөлж, бүртгэлийг Шийдвэр гүйцэтгэх албанд өдөр бүр цахимаар ирүүлдэг болсон. Ингэснээр шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа аль аймаг суманд хэрэгжүүлж байгаагаас үл хамаарч зайнаас хянах, заавар, зөвлөгөө өгөх ажил илүү шуурхай болсон. Үүний үр дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт гүйцэтгэвэл зохих бодит биелэлт өмнөх онуудын мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 8 дураар сарын 05-ны өдрийн А/130 тоот тушаалаар, мөн Ерөнхий гүйцэтгэгчийн албан даалгавраар хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийгчдэд оногдуулах хариуцлагыг сайжруулах ажлыг тус тус эхлүүлж, явц болон үр дүнд нь хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам


А.Намсаманд: Хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлээд байна  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй