Шууд Chart

Соёлын өвийг нээлттэй танилцуулж байна

2020-09-09 14:25:41

Өнөөдөр 12:00-15:00 цагийн хооронд УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг танилцуулж байна.

Соёлын өвийг нээлттэй танилцуулах тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд уг үйл ажиллагааг Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар нээж оролцлоо. Түүнчлэн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон соёл, урлагийн байгууллагын төлөөллүүд, иргэд, олон нийт тус арга хэмжээнд тухлан саатаж үйл ажиллагаатай танилцаж байна.

Арга хэмжээнд доктор, дэд профессор Б.Цогтбаатар “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” сэдвээр, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” зэрэг сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар бэсрэг үзэсгэлэн гаргаж, тайлбар танилцуулга хийгдэж байна.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар 


Соёлын өвийг нээлттэй танилцуулж байна   
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй