
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүссэний 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан
Яруу найрагч М.Амархүү ийнхүү “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын хошой тэргүүн шагналт болж байгаа юм. Наадмын хоёрдугаар байрт Н.Минжинсайхан, гутгаар байрт Н.Гантулга, тусгай байрт яруу найрагч А.Лхагва, Д.Жамбалдорж нар шалгарлаа.“Эх орны цэрэг 2021” яруу найргийн наадам уламжлал ёсоор 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ангиудын байлдааны тугийг хүндэтгэн залснаар эхэлж, I шатнаас тунаж үлдсэн шилдэг 25 найрагч шүлэг найргаа уншиж өрсөлдлөө.
Наадмын Ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тангадын Галсан, шүүгчээр Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн анхны наадмын Тэргүүн шагналт, Жанжны сэлэмт яруу найрагч Дамбын Төрбат, Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбат, МУБИС-ийн багш, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь нар ажилласан юм.
Наадамд оролцсон 191 яруу найрагчийн дотор Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 31 (үүнээс “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын шагналтан 5, “Болор цом”-ын эзэн найрагч 3), Ахмад хилчин, ахмад дайчдын төлөөлөл 2, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 85 (үүнээс байлдагч 32, ахлагч 32, офицер 21, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч 2), Цагдаагийн алба хаагчдын төлөөлөл 1, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 2, БНСУ-аас оролцогч 2, чөлөөт уран бүтээлч 68 хүн байлаа.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хамтран 1989 оноос зохион байгуулж буй энэхүү наадмыг “Болор цом”-ын энтэй томоохон наадам хэмээн үнэлдэг бөгөөд шүлэг найраг сонирхогчдоос эхлээд мөрдэстэй уран бүтээлчид, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчид, Төрийн шагналтнууд, Ардын уран зохиолчдын оролцдог нэн хүндтэй найргийн дэвжээ болон өргөжсөн билээ.
Ташрамд дуулгахад, эрхэм үзэгч та бүхэн “Эх орны цэрэг - 2021” яруу найргийн наадмыг цэргийн баяраар буюу Монгол цэргийн өдрөөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр хүлээн авч үзээрэй.
Жанжны сэлэмт найрагчаар М.Амархүү тодорлоо | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.