Шууд Chart

“Олон улсын театрын өдөр” тохиож байна

2021-03-27 15:35:49

Дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг “Олон улсын театрын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогсод "Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван" уриан доор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй.
 
Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан наадам зохион байгуулж уран бүтээлчид тайлангаа тавьдаг хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.
 
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын хамт олон өнөө жил хорио цээрийн дэглэмтэй байгаа ч гэсэн уран бүтээлүүдээ үзэгч олондоо хүргэхийн төлөө ажиллаж олон ажлууд төлөвлөж явуулсан.
 
Хамгийн ойрын жишээ гэвэл Дэлхийн театрын өдөртөө зориулж Г.Гомбосүрэнгийн нэрэмжит "Театр-Монолог 90" уралдааныг зарлан явуулж тэндээс шалгарсан шилдэг бүтээлүүдээ дээжлэн "Сэтгэлийн хүүрнэл" хөтөлбөрийг хүргэж байгаа билээ.
 
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар театрт зүрх сэтгэлтэй бүх хүнд “Дэлхийн театрын өдөр”-ийн мэнд хүргэжээ. 

Тэрбээр "Уран бүтээлчдийн хувьд театр бол ариун сүм, ариун шүтээн нь юм. Чиний амьдрал, нэр төр өөрийгөө зориулсан бүх юм чинь үүрд тайзанд өмчлөгдөнө. Энэ тайзнаас хувь заяа, тиймээ хувь заяа чинь үүрд хамаарна. Энэ сүмийг хүндэтгэж, бусдаар мөн хүндэтгүүлэхийн тулд ариун шударга байх ёстой. Энх цагт ч, дайны үед ч, өлсгөлөн, цар тахлын үед ч, хувьсгал болж байсан ч ямагт театр хэрэгтэй чухал дүүрэн байх тавилантай. Учир нь театр бол хүний сэтгэлийг эмчилдэг ариусгалыг бий болгодог сүм юм.

Театрт зүрх сэтгэлтэй бүх хүнд “Дэлхийн театрын өдөр”-ийн мэнд хүргэе" гэсэн байна. 
 

“Олон улсын театрын өдөр” тохиож байна   
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй