
“Араг үүрсэн хавар” хэмээх ахуй хөдөө үнэртсэн сайхан сайхан ном уншлаа. Архангайн “унага” найрагч хүү Минжинсайхан ийм ном баринтаглажээ. Нэрнээс нь хүртэл хөдөө эжий хоёр тодорсон шүлгүүдийг нь уншлаа. Түүний шүлгүүд хотын түгжрэл, утаа май, дуу шүүугиан дундаас их л алс юм даа.
Хиргүй тунгалаг хөх тэнгэрийн доор хэл нь мэдэгдэхгүй шувуудын шулганаан дунд шинэдэн төлжих ургамал цэцгийн хүрээнд шүүдэр өшигчин туучиж явсан он жилүүдийн их найрал гэмээр санагдлаа. Ихэнх шүлгээрээ эргэн ухаарч өнгөрснөө санагалзан залбирсан аясыг хөнджээ. Бараг бүхий л шүлгүүдийн төгсгөл нь зөөлрөн аргадсан үгсээр хашигджээ...
Ийм жишээ эхнээсээ ном дуустал үргэлжилмү. Энэ нь түүний яруусахын онцлог нь аж. Мөхөс миний бодлоор шүү... Өөрөөр хэлвэл аливаа өгүүлэхүйн төгсгөл нь -жээ, -даа, -лаа, минь -аа гэхчлэн аргадаж төгссөн байх юм. “Бургах цаснаар жиндээ л байх даа”, “Сэрж амжаагүй цагийн гэрэлт од иинь”, “Битгий гунь даа, хонгор минь”, “Балжингарам ургаасай даа”, “Түүнээс ч илүү хайран аа” гээд түүгээд байвал гараад байхаар юм. Энэ бүхэн юуг өгүүлж утгыг зангиднам. Зөөлөн эевэргүү араншинг хөдөөх ахуйн амгалан дэвсгэр дээр л гаргаж уралсныг харуулж байна.
Нөгөөтэйгүүр амьдралд болоод өнгөрснөө ухаарал эгээрлийн сэтгэмжээр эргэн дурссан аястай шүлгүүд нэлээд байр суурьтай аж. Амьдрал бол дурсамжуудын нийлбэр. Хэн яаж олж харснаараа өгүүлэмж илэрхийлэх хэлбэр нь өөр өөр байдаг.
Зарим нь зөвхөн дурсан ярьдаг бол зарим нь дурсамж болгон бичиж туурвидаг, нөгөө нэг хэсэг нь яруу сайхнаар нээж бичдэг. Минжинсайхан дүү бол яруу сайхнаар нээж шүлэглэсэн нь энэ ажаам. Сайхан монгол үгсийг яруу утгын сүлжээгээр хүр хорхойн торго лугаа уралжээ. Хөдөө буйд хангай царам халгиа цэнхэр гол уснаасаа холдуузай. Найрагчийн ахуй гэж байдаг. Ахуй нь орчноо тодорхойлдог. “Араг үүрсэн” найрагч дүүгийн араганд хөх цэнхэр аргал хөглөрч байг ээ… Эгэл жирийн идэвхтэй уншигч ах чинь.
МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр
Ахуй хөдөөд аргадаж төгсгөсөн шүлгүүд | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.