Шууд Chart

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Уянгын шүлгүүд” ном хэвлэгджээ

2021-05-31 10:38:37

Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн сүүлийн үед бичсэн шүлгээс бүрдсэн “Уянгын шүлгүүд” нэртэй ном хэвлэгдлээ.

Тэрбээр өмнө нь 1990-2000 он хүртэлх хугацаанд бичсэн шүлэг, найраглалынхаа дээжээр “Монголын их амар амгалан” шилмэл түүвэр, 2000-2010 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлийнхээ дээжсээр “Дорно зүгт өвс болно” шилмэл түүвэр тус тус хэвлүүлж байсан билээ.

Түүний зэрэгцээ том хэмжээний найраглалын бүтээл болох “Хулан” номоо хэвлүүлсэн. Мөн үргэлжилсэн үгийн төрлөөр өгүүллэг, туужийн “Шувууг сулла”, “Зүрхэн чинадаас”, “Үзэсгэлэнт сараана” зэрэг ном хэвлүүлж уншигчиддаа барьсан.

Шинэ номынх нь шүлгээс нийтэллээ.

Сэтгэл

Өндөр тэнгэрийн нэгээхэн мөчир дээр

Үл үзэгдэх шувуу шиг суунам

Үзэсгэлэнт мэдрэмжийнхээ өдөөр

Үдэш бүхний саран дээр гэгээхэн сэтгэл урланам

Хуйлран догшрох орчлонгоос сувд шүүрдэх нэгэнд

Уурга болог

Хуудас бүхэнд нь билиг нуугдсан судрын

Гээгдсэн үсгийг орлох гэрэл болог

Орь ганц тэнүүлчид хоног төөрүүлэх урц болог

Огторгуйг таньсан даяанчид эрдэнийн олбог болог

Ангаж яваа нэгэнд балга сүү болог

Амьдралын модны мөчир дээрх хөхөө болог

Дотроосоо гэрэлтсэн нэгэнд бодь мод болог

Дорнын мэлмийнээс тасрах лянхуаг тосох хос алга болог

Тэнгис байгаад ширгэж одсон их усны

Тэнгэрийн ой санамжинд үлдсэн давалгаа нь болог

Чулуужсан эрвээхэй дэвсээр байдгийг

Зуны эрвээхэйдэд дуулгах хэлмэрч болог

Хорвоог орхих нэгэнд дэрлүүлэх

Хоосон чанарын навч болог

Сацрах гэрэл, бүрхэх сүүдрийг гэтлэн

Сансрын цонхоор гэнэт орсон болжмор болог

Өнийн инээмсэглэл болог

Өдөр өдрийн нарнаас үлдэж хоцорсон бурхан болог

Тэвэрч яваа цэцгэнд тань анхилуун үнэр нь болог

Тэрслүү шүлэгч нөхдийн минь жүнзэнд сар болог

Ай, Сэтгэл минь ...

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Уянгын шүлгүүд” ном хэвлэгджээ  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй