Мах боловсруулах үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том компани болох “JBS” компани цахим халдлагад өртсөнийхөө дараагаар бүх аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн сэргээсэн байна. Энэ талаар тус компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр тус компани цахим халдлагад өртсөнийхөө дараа дэлхийн өнцөг булан бүрт орших өөрсдийн бүх аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн сэргээсэн гэж онцолсон байна. “JBS” компанийн тэргүүн Андре Ногейра хэлэхдээ "Интернет-технологи, цахим аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг мэргжилтнүүдийн ачаар үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хурдан сэргээх зорилгод чиглэсэн ажил амжилттай болсон" гэж цохон тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр "Цахим гэмт хэрэгтнүүд компанийн гол системд нэвтрэх боломжгүй болсноор гарах сөрөг үр дагаврыг их хэмжээгээр бууруулсан" гэжээ. Үүний ачаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эргээд хэвийн горимдоо орсон гэсэн байна.
Тэрбээр өндөр чанартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд бүхнээ зориулан ажиллаж байна гэсэн юм. Цахим гэмт хэрэгтнүүд “JBS”-ийн системд нэвтрэх эрхгүй болсон төдийгүй компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгчдийн хувийн мэдээлэлд нэвтэрч чадаагүй гэж компанийн талаас онцолсон байна.
Энэ мэдээлэлд онцолсноор “JBS” компани цахим халдлагад өртсөнийхөө дараахан тэр даруй болсон нөхцөл байдлын талаар холбооны эрх баригчдад мэдэгдэж, цахим хамгаалалтын хэрэгслийг ашигласан талаар дурджээ. Цагаан ордон, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Холбооны мөрдөх товчооныхонд дээрх асуудлыг хурдан шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна гэж Мах боловсруулах үйлдвэрийн дэлхийн хамгийн том компани болох “JBS”-ийн тэргүүн онцолсон байна.
Өмнө нь буюу өнгөрсөн ням гарагт тус компанийн Хойд Америк болон Австрал улс дахь салбар нэгжүүдийн компьютерийн сүлжээ цахим халдлагад өртсөн талаар “JBS”-ийн талаас мэдээлж байсан юм. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр бол "JBS" компанийн үзэж байгаагаар тус халдлагын ард ОХУ-д төвтэй цахим гэмт хэргийн бүлэглэл бий гэжээ. АНУ-ын засаг захиргаа цахим халдлагатай холбогдуулан ОХУ-ын эрх баригчидтай холбоо барьж байгаа талаараа баталсан байна. Хэргийн мөрдлөг дээр Холбооны мөрдөх товчоо ажиллаж байгаа юм.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдээлэхдээ "Хэрэв АНУ-ын талаас үүнтэй холбоотой асуудлаар холбогдвол ОХУ “JBS” компанид цахим халдлага хийсэн гэмт хэрэгтэй холбоотойгоор Америкийн талаас гаргасан хүсэлтийг цаг тухайд нь авч хэлэлцэх болно" гэж байжээ. Түүнчлэн тэрбээр “JBS”-т цахим халдлага зохион байгуулсан кибер халдагчдын талаарх ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж онцолсон юм байна.
| “JBS” компани цахим халдлагад өртсөний дараа бүх үйл ажиллагаагаа бүрэн сэргээлээ | ||
| Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.