АНУ-ын Миннесота мужийн шүүх иргэн Жорж Флойдын амь насыг хохироосон цагдаагийн офицер Дерек Шовинд 22.5 жилийн хорих ял оноосон байна.
Яллах дүгнэлт нь 12.5 жил байсан ч шүүгч Петер Кахилл Шовиныг эрх үүргээ хэтрүүлж, харгис хэрцгий авир гаргасан гэж үзэн, ялын хэмжээг 10 жилээр нэмсэн юм байна.
Шүүгч олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ялын дүгнэлт гаргаагүй, мөн ямар нэгэн байдлаар хэн нэгэнд дохио болгох гэж ялын хэмжээг нэмээгүй гэдгээ мэдэгджээ.
Харин Дерек Шовины өмгөөлөгч Жорж Флойдыг хөнөөсөн үйлдлийг ажил үүргээ гүйцэтгэж яваад санамсаргүй алдаа гаргасан үндэслэлээр тэнсэн харгалзах ял оноох хүсэлт гаргасан юм байна.
Хэрэг гардаг өдөр Миннеаполис хотын нэгэн дэлгүүрээс хуурамч 20 долларын дэвсгэртээр үйлчлүүлсэн Африк гаралтай эрэгтэйн тухай мэдээлэл цагдаагийн газарт ирж, улмаар энэ үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дерек Шовин бусад гурван цагдаагийн хамт уг дэлгүүрт ирж, сэжигтэн 46 настай Жорж Флойдыг ойролцоох гудамжнаас баривчилсан байна.
Ингэхдээ гартаа гавтай Жорж Флойдыг газарт хэвтүүлж, хүзүүн тус газар нь есөн минутын турш өвдөглөсөн нь үхэлд хүргэжээ. Тухайн үед Жорж Флойд гавтай байсан, амьсгалж чадахгүй байгаагаа хэлж байсан нь гэрчийн хийсэн дүрс бичлэгээр ил болсон юм.
Уг бичлэг нийгмийн сүлжээнд тарсны улмаас Америк төдийгүй дэлхий даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл өрнөж, нэг хэсэг нийгмийг цочроосон.
Дерек Шовинтой тухайн үед хамт явсан гурван цагдаа ажлаасаа халагдсан байна. Гэхдээ тэднийг Дерек Шовиний хүний амь нас хохироож буй үйлдлийг үл ойшоосон, дэмжлэг үзүүлсэн үндэслэлээр ирэх онд шүүх юм байна.
| Жорж Флойдын амь насыг хохироосон цагдаад 22.5 жилийн хорих ял оноолоо | ||
| Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.