Өмнөд Солонгосын засгийн газар коронавирусний халдварын дөрөв дэх давлагаа үүссэнийг хүлээн зөвшөөрч, нийслэл Сөүл хотод хүн хоорондын зай барих түвшинг хамгийн дээд буюу 4 дүгээр түвшинд шилжүүлэхээр болжээ. Долдугаар сарын 12-ноос мөрдөгдөх уг журмыг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Дөрөв дэх буюу хамгийн дээд түвшинд шилжсэнээр үдшийн 18 цагаас хойш хоёроос дээш хүн цугларахыг хориглох, зоогийн газар рестораны үйл ажиллагааг үдшийн 22 цагаар хязгаарлах, шөнийн клубуудыг хаах, хурим, оршуулгын үйл ажиллагаан зөвхөн ойрын хамаатан садан оролцохыг зөвшөөрөх юм байна. Мөн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийхийг хориглох боловч ганц нэгээрээ эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвшөөрч байгаа юм байна.
Сөүлийн бүсийн бүх сургууль цэцэрлэг хичээлээ ирэх лхагва гарагаас эхлэн долдугаар сарын 25 хүртэл цахим горимд шилжүүлэх юм байна. БНСУ-ын ерөнхий сайд засгийн газрын энэ шийдвэр жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаад уучлалт гуйж, ингэж хязгаарлахгүй бол улс орон бүхэлдээ сүйрэх аюулд хүрнэ, гэхдээ засгийн газар хязгаарлалтын улмаас хохирол амсах аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээ боломжит бүх хувилбараар дэмжих болно гэдгээ мэдэгджээ. Одоо Сөүл хотод хүн хоорондын зай барих 2 дугаар түвшний журам хэрэгжиж байгаа юм байна.
Тус улсын эрх баригчид Нийслэлийн бүсэн тогтоосон хязгаарлалтыг долдугаар сарын 1-нээс сулруулж, хүн хоорондын зай барих таван шатлалт журмыг дөрвөн шатлалтай болгосон юм байна. Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос улсад коронавирусний дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт эрс нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт тус улсад халдварын 1316 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Өмнөд Солонгосын эрүүл мэндийн сайд иргэдээ энэхүү зай барих журмыг чанд мөрдөхийг уриалж, хэрвээ иргэд олон нийт сонор сэрэмжээ өндөрсгөхгүй, дүрэм журмаа дагахгүй бол Өмнөд Солонгос улс энэ оны сүүлээр иргэдийнхээ 70 хувьд нь сүргийн дархлаа тогтоох зорилтондоо хүрч чадахгүй, дахин хямралтай тулгарах эрсдэлтэйг анхааруулжээ.
Мөн ерөнхийлөгч Мун Жэ Ин ирэх даваа гарагт засгийн газар болон хотын захирагч нартай шуурхай хуралдаан хийхээр төлөвлөж байна. Одоогоор Өмнөд Солонгосын хүн амын 30.2 хувь нь буюу 15.4 сая хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунд, хүн амын 11 хувь буюу 5.57 сая хүн хоёр тун вакцинд хамрагджээ. Тус улс АстраЗенека, Пфайзер, Модерна, Жонсон энд Жонсон зэрэг 4 вакциныг зөвшөөрч, дархлаажуулалтдаа хэрэглэж байна.
| Сөүл хүн хоорондын зай барих 4 дүгээр түвшинд шилжинэ | ||
| Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.