Энэ сарын 23-нд эхлэх Токио 2020 Зуны Олимпын наадамд зориулсан Токио хотын далайн эргийн Харуми дүүрэгт байрлах хотхон нээгдэж, тамирчдыг хүлээн авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ үеэр Токиод "Ковид-19" цар тахалын халдвараас урьдчилан сэргийлэх дөрөвдэх удаагийн онц байдлын дэглэм хэрэгжиж байгаатай холбогдуулан тамирчид, төлөөлөгчдийг байрлуулах Олимпийн хотхоныг нээх ёслол зохион байгуулаагүй юм.
Токиогийн булангийн эрэгт 44 га талбайд тохижуулсан олимпын хотхоны 21 барилгад 11 мянга гаруй тамирчин, тэднийг дагалдан ирэх ажилчид байрлана. Олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд тамирчдыг зөвхөн хотхон дотроо болон тэмцээн болох цэнгэлдэх хооронд зорчихыг зөвшөөрч, бусад бүх үйлчилгээг олимпын хотхон дотроос авахаар зохион байгуулжээ.
Олимпын хотхон нь 700 гаруй нэр төрлийн хоолоор 24 цагаар үйлчлэх ресторан, хүнсний сүлжээ дэлгүүр, шуудан зэрэг бүх төрлийн үйлчилгээний газартай. Мөн Цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд хотхонд халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдыг шалгах тусгай түр эмнэлэгүүд 24 цагаар ажиллах юм байна.
Тамирчид өөр өөрсдийн оролцох тэмцээн эхлэхээс 5 хоногийн өмнө олимпын хотхонд ирж байрлах бөгөөд тэмцээнээ дуусгаснаас хойш хоёр хоногийн дотор хотхоноос явах журам мөрдүүлэх юм байна. Мөн тамирчид өдөр бүр коронавирусний шинжилгээ өгч, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих журмыг мөрдөх ёстой юм байна. Харин согтууруулах ундааг ганцаараа хэрэглэх тохиолдолд өрөөндөө авч орохыг зөвшөөрчээ.
| Токиогийн олимпын хотхон 11 мянга гаруй тамирчинг хүлээж авна | ||
| Үзсэн: 1308 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.