Израилийн кибер тандалт судалгааны компанийн хөгжүүлсэн тагнуулын программыг олон улсын сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээллийг цуглуулахад ашигласан байна гэж Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Уг программ нь гар утасны мэдээллийг дамжуулах зориулалттай юм байна.
"Вашингтон пост" зэрэг дэлхийн 10 гаруй хэвлэл Израилийн "Эн Эс Өү" группын хөгжүүлсэн Пегасус нэртэй программыг хүмүүсийг тагнахад ашигласан тухай өнгөрсөн ням гарагт нийтэд мэдээлсэн юм байна. Харин Израилийн дээрх групп зөвхөн алан хядагчид болон гэмт хэрэгтнүүдийн эсрэг ашиглах зорилгоор Засгийн газруудад зардаг гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулж Дэлхийн хэвлэлийн консерциум алдагдсан гэх 50 гаруй мянган утасны дугаарын жагсаалтад үндэслэн олж авсан ухаалаг гар утаснуудад дүн шинжилгээ хийснээ тайлагнасан байна.
Гэтэл тэдгээр гар утаснуудын эзэмшигч нь сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, Засгийн газрын албан тушаалтнууд болон бусад нөлөө бүхий хүмүүс байжээ. Уг тайланд мэдээлснээр дүн шинжилгээ хийсэн гар утасны 50 гаруй хувьд нь буюу 37 гар утсанд тагнуулын программ суулгасан байсан байна. Тухайлбал, уг программыг суулгасан гар утасны эзэд нь гурван жилийн өмнө Турк улсад алагдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггитой хамаарал бүхий хүмүүс байжээ.
Жагсаалтад багтсан утасны дугаарууд Саудын Араб, Мексик, Энэтхэг зэрэг дэлхийн 50 гаруй улсад бүртгэлтэй байжээ. Эдгээр улс Израилийн "Эн Эс Өү" группээс уг программыг худалдан авсан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Харин Израилийн дээрх групп Өрнөдийн хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүд бодит байдлаас хэт хазайсан байна. Худал мэдээлэл цацаж гүтгэсэн үндэслэлээр хуулийн дагуу гомдол гаргахаар ярилцаж байгаа гэж мэдэгджээ.
| Израил тагнуулын программаар сэтгүүлч, хүний эрх хамгаалагчдыг тагнасан байж магадгүй | ||
| Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.