ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын ой хээрийн бүсэд нийт 155 түймрийн голомт бүртгэгджээ. Ой хээрийн түймрийн улмаас өчигдөр Якутын хоёр тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Сахад олон арван тосгон суурин галд өртөх аюул тулгарчээ. Өнөөдрийн байдлаар түймрийн бүсэд 3600 гаруй хүн гал түймрийг унтраахад дайчлагдан ажиллаж байгаа юм байна. Сахад өнгөрсөн сарын сүүлээс хойш ой хээрийн түймэр асаж, өнөөдрийн байдлаар 155 бүсэд ой хээрийн түймэр асаж байна.
![]()
Ням гарагт 11 бүсэд түймрийг унтрааж, 9 газарт түймрийг цурманд оруулжээ. Гэвч нэмж 7 газар ой хээрийн түймэр ассан байна. Түймрийн улмаас энэ сарын 7-ны өдөр Якутын нэг тосгонд гэхэд 31 айлын гэр, нийтийн эзэмшлийн найман байшин бүрэн шатсан байна. Якутын захирагч холбогдох байгууллагууддаа галын аюулд өртөж болзошгүй байгаа тосгон суурингуудын эргэн тойрны бүсээс үхэжсэн болон унасан моднуудыг зайлуулах үүрэг өгчээ.
Мөн засаг захиргаа нь түймэрт хохирсон айл өрх бүрт 30 мянган рублийн тусламж үзүүлэхээр болжээ. Түүнчлэн хүйтний улирал эхлэхээс өмнө галд сүйдсэн тосгоныг сэргээн босгоход анхаарч ажиллахаар болсон байна. энэ жил Якутад сүүлийн 150 жилд тохиогоогүй хуурайшилт болж, цаг агаар хэт халснаас үүдэж, ой хээрийн бүсэд түймэр дэгдсэн байна. Түймрийн утаа Сибирийн зүүн бүсийг бүрхэж, хөрш зэргэлдээ улс орнуудад түймрийн утаа хүрээд байгаа аж.
| Түймрийн улмаас Якутын хоёр тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлжээ | ||
| Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.