
"Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүх нарын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ сарын 30-нд Нийслэлийн шүүхэд хянахаар болжээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогч М.Хулан, нярав Х.Болдмаа, БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Даваабаяр нар анхан шатны шүүхээс оноосон 5-8 жилийн ялыг эсэргүүцэж давж заалдах гомдлыг өнгөрсөн сард гаргасан байдаг. Улмаар шүүгч эл хэргийн материалтай танилцаж амжаагүй учир хурал энэ сар хүртэл хойшлогдсон юм.
Хэргийг сануулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан байна.
"Цэвэр агаар сан"-гийнхны хэргийг Нийслэлийн шүүхээс хянана | ||
Үзсэн: 2071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.