БНХАУ зарим мужид нь эрчим хүчний хомсдол үүссэнтэй холбогдуулан яаралтай эрчим хүч нийлүүлэхийг ОХУ-ын талаас хүссэн байна. Тухайлбал, Оросын эрчим хүч экспортлогч гол компани "Интер РАО" лхагва гарагт Хятадын талаас эрчим хүч яаралтай нийлүүлэх хүсэлт хүлээж авсан байна. Энэ тухай Оросын "Рашша Түдэй" мэдээллээ.
Гэхдээ талууд эрчим хүч өгч, авах талаар тохиролцоонд хүрсэн эсэхийг тус комапнийн зүгээс одоогоор мэдээлээгүй байна. Хятад улс эрчим хүчнийхээ 50 гаруй хувийг нүүрсний цахилгаан станцуудаас авдаг. Гэтэл Хятадын төр засаг байгаль орчинд хөнөөл учруулж байгаа үндэслэлээр хүлэмжийн хийг бууруулах стандартаа чангатгасан байна. Үүнээс үүдээд тус улсад нүүрсний үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багассан нь эрчим хүчний хомсдолд хүргээд байна.
Хятадын эрчим хүчний нөөц түүхэн доод түвшинд буюу хоёр долоо хоногийн л нөөц үлдсэнийг тус улсын томоохон хэвлэлд мэдээлсэн. Сүүлийн хэд хоногт Хятадын 20 гаруй мужид эрчим хүчний хомсдол үүссэнээс хамгийн их нэрвэгдсэн нь тус улсын зүүн хойд Жилинь муж юм байна.
Энэ мужид дэлхийн хоёр дахь том эдийн засгийг тэжээж байдаг том үйлдвэрүүд нь ажлын цагаа богиносгож, зарим нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн үүрэн холбооны сүлжээ тасарч, үйлчилгээний газрууд лааны гэрэлд үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрснийг Хятадын зарим хэвлэлд мэдээлсэн байна.
Иймд Хятадын эрх баригчид эрчим хүчний хомсдолыг бууруулахын тулд нүүрсний нийлүүлэлтээ богино хугацаанд нэмэгдүүлэх арга зам эрэлхийлж буй юм байна. Тухайлбал, хөрш улс орнуудаасаа нүүрсний импортоо нэмэгдүүлэх асуудал ярьж байгаа юм байна.
Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг төдийгүй дэлхийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол экспортлогчдын нэг. Энэ үүднээс Хятадад үүссэн эрчим хүчний хомсдол цаашдаа Хятадад үйлдвэрлэсэн ухаалаг гар утас гэх мэт бараа бүтээгдэхүүний урсгал тасалдах, энэ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж зах зээл болгоомжилж байна.
Одоогоор Хятадын эрчим хүчний гол түгээгч компани нийлүүлэлтийг зохих түвшинд хангана гэж амласан байна. Хятадын мужуудын засаг захиргаа нь эрчим хүчний нийлүүлэлтээ хангахын тулд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан гэж төрийн хэвлэл нь мэдээлсэн байна.
Ташрамд дурдахад, Хятадын дарга хилийн чанад дахь нүүрсээр галладаг цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ зогсоож, ногоон, цэвэр эрчим хүчний салбар дахь дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж НҮБ-ын чуулганд хэлсэн үгэндээ онцолсон юм.
| БНХАУ эрчим хүч яаралтай нийлүүлэхийг ОХУ-ын эрчим хүч экспортлогч хамгийн том компаниас хүсчээ | ||
| Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.