2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 22 цаг 41 минутад Япон Улсын Чиба мужийн нутаг дэвсгэрт 75 км гүнд гипоцентртэй, 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Токио хот болон Сайтама мужид 5.9 баллын хүчтэй газар хөдлөв.
Япон Улсын Ус цаг уурын хүрээлэнгээс энэ удаагийн газар хөдлөлтийг “2011 оны Зүүн Японы байгалийн гамшгийн үеийн газар хөдлөлтөөс хойшх Токио хот болон Сайтама мужид бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт байв” гээд “Өмнөх газар хөдлөлтүүдийн туршлагаас харахад 7 хоногийн дотор дахин томоохон хэмжээний газар хөдлөлт болох магадлал 10-20 хувьтай” хэмээж байна. Чингэхдээ "Токио хотын нутаг дэвсгэрт гипоцентртэй газар хөдлөлт болж магадгүй” гэж байгаа бөгөөд "ард иргэдийг сонор сэрэмжтэй байх”-ыг анхааруулж байгаа болно.
Иргэд сонор сэрэмжтэй байхыг хүсье.
Уг газар хөдлөлтөөс үүдэн нийтийн тээврийн метроны зарим шугамын үйлчилгээ хэсэгчлэн зогссон байдалтай буй ч зарим шугам аюулгүй байдлаа хангаж, хэвийн үйл ажиллагааны горимд эргэн ороод байна. “Нарита” болон “Ханэда” олон улсын нисэх буудлын захиргааны зүгээс “Нислэгийн хөөрөх зурвасуудад ямарваа нэгэн гэмтэл, саатал гараагүй” гэв.
Японд Кюүшюү бүсэд энэ оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 17 цаг 13 минутын орчимд 5.5 баллын газар хөдлөлт болсон бол Тохокү бүсэд өглөөний 02 цаг 46 минутад 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж ийнхүү хоёр өдрийн дотор 3 удаагийн томоохон газар хөдлөлт бүртгэгдээд байна.
Дээрх газар хөдлөлтүүдээс үүдэн манай улсын иргэд гэмтэж, бэртсэн мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам
| Токио хот болон Сайтама мужид 5.9 баллын хүчтэй газар хөдлөв | ||
| Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.