Шууд Chart

БНАСАУ шинэ загварын баллистик пуужин туршсанаа мэдээлэв

2021-10-20 15:15:02

Ингэснээр Умард Солонгос сүүлийн хоёр жилийн дотор шинэ загварын баллистик пуужин туршсан анхны тохиолдол болж байна.

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хэвлэлд пуужинг далайд шумбагч онгоцноос хөөргөж байгааг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ. Мөн шинэ загварын баллистик пуужинг амжилттай туршсанаар далай тэнгисийн гүнд ажиллагаа явуулах хүчин чадал нь нэмэгдэх болно гэж мэдээлсэн байна. Харин уг туршилтыг Умардын удирдагч Ким Жон Ун  өөрөө командалж, ажигласан талаар мэдээлээгүй байна.

Өмнөд Солонгосын Армийн Жанжин Штаб Умард Солонгос Синпо боомт хотын зүүн эргээс мягмар гарагийн өглөө Япон тэнгис рүү шумбагчид суурьтай баллистик пуужин харвах шиг боллоо гэж мэдээлж байсан юм. Мягмар гарагт АНУ-ын Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сунг Ким, Солонгосын Хойгийн энх тайван, аюулгүй байдал хариуцсан Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамны тусгай үүрэгт Элчин сайд Но Кю-Дук, Японы Ази, Далайн орнуудын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Фунакоши Такехиро нар Вашингтон хотноо уулзалт хийжээ.

Хэлэлцээний дараа Америкийн тусгай төлөөлөгч АНУ, Өмнөд Солонгос, Япон хоорондын хамтын ажиллаа Умард Солонгостой ойлголцох гол түлхүүр хэвээр байгааг тэмдэглэжээ. Мөн цаашид АНУ Умардтай яриа хэлэлцээгээ сэргээх чиглэлд хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ, Вашингтон ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавихгүйгээр уулзалт хийхэд нээлттэй байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна.

Мягмар гарагийн энэ туршилт Умард Солонгос энэ оны 9 дүгээр сараас хойш хийсэн тав дахь туршилт юм байна. Умард Солонгос ойр ойрхон пуужин харваж байгаа нь Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг зогсоох, Эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулах үүднээс Вашингтон, Сөүлд шахалт үзүүлж байгаа нэг хэлбэр гэж шинжээчид үздэг.

Пёньян хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сард шумбагч суурьтай Пукгуксонг-3 нэртэй баллистик пуужинг Вонсан хотын зүүн эргээс туршиж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ шинэ загварын баллистик пуужин туршсанаа мэдээлэв  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй