Шууд Chart

Москва хотын иргэдийн вакцинд хамрагдах идэвх эрс нэмэгджээ

2021-10-28 14:05:42

Москва хотын иргэдийн “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинд хамрагдах идэвх эрс нэмэгджээ. Тус хотын эрх баригчид олон нийтийн газруудад “Ковид-19” цар тахлын эсрэг шинэ хязгаарлалтууд тогтоох гэж байгаатай холбогдуулан уржигдрын байдлаар Москва хотын иргэд вакцины төвүүдэд урт дараалал үүсгэсэн байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ковид-19” цар тахлын халдварын тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ныг хүртэл ажлын бус өдөр болгон зарлах үүргийг холбогдох байгууллагууддаа өгөөд байгаа юм. Энэ үеэр Оросын төрийн ихэнх болон хувийн бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоох юм байна. Мөн дэлгүүр худалдааны төв, хүүхдийн цэцэрлэг, сургууль, бялдаржуулах төв, урлаг, үзвэр үйлчилгээний газрыг ч түр хаахаар төлөвлөжээ.

Харин ресторан хоолны газрууд зөвхөн хүргэлт хийх, хоол авч явахад зориулсан үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүнс хадгалдаг газрууд, эмийн сан, гол дэд бүтцийг ажиллуулдаг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. Музей, театр, концертын танхим болон бусад цэнгэлдэх хүрээлэн тэргүүтэй газар “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн гэдгээ нотлох цахим кодтой хүмүүст л үйлчлэхээр хязгаарлах юм байна.  Цахим код уншуулах энэ журам 11 дүгээр сарын 7-ноос мөрдөгдөнө.

Оросын Ерөнхийлөгч Путин орон нутгийн албаны хүмүүст вакцинд хамрагдаагүй 60-аас дээш насны иргэдээ гэртээ байхыг зөвлөх, шөнийн клубууд болон бусад зугаа цэнгээний газруудыг хаах үүрэг өгчээ. ОХУ-д “Ковид-19” цар тахлын халдвараар нас барсан тохиолдлын тоо мягмар гарагт хамгийн олон бүртгэгдэж, халдварын тархалт эрс нэмэгдсэн нь Кремль энэ долоо хоногоос эхлээд иргэдээ гэртээ байх зөвлөмж өгөхөд хүргэжээ.

Оросын “Ковид-19” цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн мэдээллээр мягмар гарагт тус улсад цар тахлаар нас барсан 1106 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахал анх дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эрүүл мэндийн сайдынх нь мэдээлснээр эмнэлгийн орны 90 хувь нь дүүрсэн, цар тахлын халдвар авсан 268 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Иймд эрх баригчид эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москва хотын иргэдийн вакцинд хамрагдах идэвх эрс нэмэгджээ  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй