Шууд Chart

Б.Номинчимэд: Дэлхийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номуудыг 108 ботьдоо багтаасан...

2014-05-28 10:16:15

Энэ сарын 29, 30 буюу Пүрэв, Баасан гаригуудад Их дэлгүүрийн өмнөх Битлзийн талбайд Хүүхдийн номын өдөрлөг болно. Олон улсын хүүхдийн эрхийн өдөр болон эл өдөрлөгийг  тохиолдуулан дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал номыг уншигч багачууддаа хүргээд буй сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа.

-Та бүхний эрхлэн гаргадаг дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цуврал хүүхэд залууст сайн хүрч байна. Зохиолуудаа ямар шалгуураар шилж сонгов?

-Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд болон Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100  жилд хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас сонголоо.

Шалгуурын тухайд хүний сайн сайхан, ирээдүйд итгэх итгэлийг хөгжөөсөн, хүний хүчин чадлыг бахдан дуулсан, эерэг энергитэй тийм л зохиол бүтээлүүдийг аль болох түлхүү орууллаа. Хөгжингүй орнуудын хүүхдийн сурах бичигт орсон зохиол бүтээлийн олонх нь ийм утга агуулгатай байдаг.
-
Өнөөдөр хүүхдүүд цахим орчинд ихээхэн автаж ном уншихын ач холбогдлыг мэдрэхгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Улс орон хөгжихийн гол үндэс хүний сэтгэл оюуны хөгжил юм. Сэтгэл оюуныг хөгжүүллэг зүйлсийн нэг нь уран зохиол. Хүнийг амьтнаас ялгадаг  гол зүйл нь урлаг, гоо сайхны мэдрэмж, түүнээ илэрхийлэх. Бидний амьдарч буй энэ үе бол адгуус эсвэл робот машины нийгэм биш шүү дээ, хүний нийгэм юм. Дэлхийн хөгжингүй орнууд үүнийг маш сайн ойлгож хүүхэд багачуудынхаа унших уран зохиолын номонд маш анхаарч, ихээхэн цаг, хүч хаядаг зарцуулдаг. Тухайлбал, АНУ-ын ЕБС-ийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номын жагсаалтад 250, ОХУ 133, Хятад 50 боть ном байна.
Кембрижийн стандартын ЕБС-ийн уран зохиолынх нь жагсаалтад 2500 гаруй ном бий. Ерөөсөө улс үндэстний хүчирхэг хөгжлийн нэг толь нь уран зохиол юм. Дэлхий дээр Англи хэлтнүүдийн уран зохиол өнөөдрийг хүртэл бараг 300 гаруй жил ноёрхлоо. Энэ цаг хугацаа бол Английн эзэнт гүрний болоод Америкийн ноёрхлын үе шүү дээ. Мөн Герман, Францын утга зохиолыг хүчирхэг гэж хэлж болно. Япон ч мөн адил. Энэ орнуудын хөгжил ямар байгаа билээ. Сүүлийн үед Хятадын утга зохиол, ялангуяа кино урлаг санаанд оромгүй хүчтэй гарч ирж байна. Цаана нь хөгжил байгаа гэсэн үг.

Тэгэхээр бид ч гэсэн хүүхэд багачуудынхаа уншдаг, сэтгэдэг орон зайг нь өргөн дэлгэр, баялаг болгох талаар анхаарах цаг хэдийн иржээ. Өөрөөр хэлбэл монголын хүүхэд багачууд дэлхийн үе тэнгийнхнийхээ уншиж буй тэр уншлагын түвшинд л уншиж, бодож, сэтгэж байх учиртай. Тэгж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ.  PC тоглоом тоглосноор, интернетээр эрх дураараа хэссэнээрээ дэлхийн хөгжилтэй зэрэгцээд оччихож байгаа юм биш шүү дээ.
 
-Дэлхийн хүүхдийн уран зохиолын уншлагын түвшингийн талаар тодруулахад.. ?
-Англи, Америкийн хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө дунджаар 250 орчим дэлхийн сонгодог түвшний ном уншчихсан байна. Хөгжингүй орны хүүхэд залуус дунд сургуульдаа л Ф.Достоевский, Л.Толстой, Ж.Жойс за тэгээд Библи, Коран судар, Төвдийн Үхлийн тухай ном зэрэг шашны суурь номуудтай ч танилцаад төгсөж байна. Уншлагын түвшин нь оюуны царааг илтгэдэг. Хүүхэд залуусынхаа сэтгэлгээг нь задлах, хөгжүүлэх, араасаа чирэх үүднээс заавал ч үгүй сонгодог лут зохиолуудтай ямар нэгэн хэмжээгээр танилцуулдаг. Цаашдаа харин 30, 40 нас хүрэхээрээ бүрэн эхээр нь дахин уншаад бүрэн дүүрэн ойлгох эсэх нь тэр хүний хувийнх нь сонирхол сонголтын асуудал юм. Хүүхдийн ном л гэхээр дандаа үлгэр зохиол байх ёсгүй шүү дээ.

-
Танай 108 номонд таны дурдсан томоохон зохиолуудаас орсон уу?

-Орсон. Бага насныхан унших үлгэрийн сэдэвтэй зохиолуудаас эхлээд нэлээд хүндхэн зохиолууд ч бий.  Вашингтон Ирвинг, Ричард Киплинг, Акутагава, Диккинс гээд аваргууд орсон. Ихэвчлэн дунд, ахлах ангийнхан болон залуу үеийнхэн унших номууд. Ерөөс бага залуу гэлтгүй аль ч үеийнхэн уншихаар сонгодог зохиолууд олонхи нь.

-
Олон улсын хүүхдтйн эрхийн өдрийг угтаад номын үзэсгэлэн худалдаа болно гэлээ. Танайх эдгээр өдрүүдэд хэрхэн бэлтгэж байна вэ?

-Энэ номууд манай хүүхдийн уран зохиолын санд багагүй ундарга болно гэдэгт итгэлтэй ажилладаг. Хүн төрөлхтний олсон тэр оюун сэтгэлгээ, гоо зүйн нарийн нандин ололттой бид танилцахгүйгээр жалгандаа мянгантаа цовхчоод нэмэргүй. Эцэстээ хоцрогдоод л дуусна. Харин ч энэ оюуны ололттой аль болох өргөн дэлгэр танилцсанаар бид дэлхийн түвшинд танин мэдэж, сэрж мэдэрч, сэтгэх болно. Түүнээ үндэстнийхээ уламжлал, түүх, онцлогоор баяжуулж чадвал бид сая дэлхийн түвшинд гарч чадна шүү дээ. Бидний хөгжлийн нэг гарц бол яах аргагүй энэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд технократ сэтгэлгээ ноёлсноор энэ талаа бүхий л түвшинд гээж, хаяж байна. Тийм ч учраас “Хүүхдийн шилдэг зохиолын эрдэнэсийн сан” цуврал номоо хүүхэд багачууддаа хүргэхээр чармайн ажилладаг.   Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан бүх номондоо 20-30 хямдрал зарлаж байна. Мөн нэг зүйлийг хэлэхэд манай аав, ээжүүд 108 ботийг маань цуврал гэж ойлгодог, заавал бүгдийг нь авч унших ёстой юм байнга гэдэг ч юмуу. Бид энэ 108 ботид бидний хүүхдийн заавал унших, мэдрэх ёстой дэлхийн сонгодог зохиолуудыг багтаан хэвлэсэн юм шүү.
-Хүүхдийн баярын сайхан бэлэг байна. Хаанаас авч болох вэ?
-Хямдралтай үнээр  98989959 утсаар авч болно. Мөн Пүрэв, Баасан гарагт Битлзийн талбайд болох номын үзэсгэлэн худалдаанд оролцоно. Мөн Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. 
-Ярилцсанд баярлалаа. 

Б.Номинчимэд: Дэлхийн хүүхдийн зайлшгүй унших ёстой номуудыг 108 ботьдоо багтаасан...   
Үзсэн: 7158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-28 16:03
Дэлхийн үе тэнгийнхнийхээ уншиж буй номнуудыг монголын хүүхэд багачуудад орчуулж түгээж байгаад энэ сэтгүүлч залууд талархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй