Шууд Chart

МҮОНРТ үндэсний агуулгатай контентуудаа гадаадын зах зээлд гаргах хүсэлтээ илэрхийллээ

2021-11-04 08:35:45

“Найрсаг хөрш – Хил хязгааргүй яриа” олон улсын II медиа форумын нээлтийн ажиллагаа өчигдөр Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.

Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчид болон телевиз, радиогийн уран бүтээлчдийн ур чадварын сургалт, ёс зүй, харилцан мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй уг чуулга уулзалтын үеэр хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааны шинэ өргөн боломжууд нээгдэж байна.

Тус форумд ОХУ-ын хамгийн том радио холдинг болох "Русская Медиагруппа", RU телевиз, Оросын медиа, телерадио системийн хамгийн том интегратор "Окно" телевиз, НТС медиахолдинг, "Big Asia" буюу "Большая Азия" телевиз, Бүх Оросын телевиз, радиогийн улсын компаниуд, "Россия", "Россия-24" болон олон улсын мэдээллийн ИТАР-ТАСС, РИА Новости, "Россия сегодня", "Восток-Телеинформ" агентлаг зэрэг нэр хүндтэй, томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч хүрэлцэн иржээ. Түүнчлэн Буриадын Бүгд найрамдах улсын радио, телевизийн болон Халимаг, Тувагийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах түвшний төлөөлөл ирж оролцож байна.

Тус медиа форумын үеэр хоёр улсын оролцогч хэвлэл мэдээллийн байгууллагуудад харилцан ашигтай түншлэл бий болгох, туршлага солилцох, хамтран контент бүтээх болоод хамтын ажиллагааны гэрээ үзэглэх зэрэг олон боломжийг хангаж тусгайлан телевиз, радио, агентлагийн медиафорумын секц ажиллуулж байгаа бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хэвлэх үйлдвэрүүд сурталчилгааны асраа дэлгээд байгаа билээ.

“Найрсаг хөрш – Хил хязгааргүй яриа” олон улсын II медиа форумын нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар хоёр улсын сэтгүүл зүйн салбарынханд мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц нар уламжлав.

Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов нарын хүндэт зочин нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Дараагаар нь тус форумын арга хэмжээ Телевиз, радио болон мэдээллийн сайтын салбар хуралдаанаар үргэлжилсэн. Телевиз, радиогийн салбар хурлын үеэр МҮОНРТ-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч О.Гомбожав “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн уран бүтээлчид, хамт олон “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-иар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна үндэсний агуулгатай контентуудыг гадаадын зах зээлд гаргах буюу контент экспортыг эхлүүлэхээр зорьж байгаа талаар танилцууллаа. Тодруулбал, MNB-ийн бүтээж буй цуврал контентыг гадаадын телевизүүдээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх, нээлтийн ёслолыг олон улсын хэмжээнд нэгэн зэрэг хийхээр ажиллаж байна” гэв. Түүнчлэн ОХУ-ын А зэрэглэлийн контент болон кинонуудыг Монголын үзэгчиддээ хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, контент, кино солилцоо зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааг явуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Буриадын Бүгд найрамдах улсын телевизүүдийн төлөөлөгчид монгол кино гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд орос орчуулга, дуу оруулалтгүйгээр эх хэлээр нь толилуулсан ч үзэлтийн хувь өндөр байна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Хариуд нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Байгал “MNB-ийн телевизийн олон ангит болон бүрэн хэмжээний кино бусад контентыг Буриадын телевиз үзэгчдэд толилуулах хамтын ажиллагааг эхлүүлж болно” гэсэн юм.

Түүнчлэн салбар хуралдаан өндөрлөсний ард Монголын үндэсний олон нийтийн радио, Буриадын радио хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Сонирхуулахад, “Найрсаг хөрш – Хил хязгааргүй яриа” олон улсын II медиа форумын хүрээнд хойд хөршийн хэвлэл мэдээллийн салбарын зочид төлөөлөгчид өнөөдөр МҮОНРТ тэргүүтэй Монголын медиа групптэй танилцах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээ болно.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ үндэсний агуулгатай контентуудаа гадаадын зах зээлд гаргах хүсэлтээ илэрхийллээ  
Үзсэн: 2105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй