Шууд Chart

Жамух үгүй бол Тэмүжин үгүй

2021-11-05 16:37:37

Өнөөдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн эхэн сарын Шинийн 1-нд буюу 11 дүгээр сарын 5-наас эхлэн тайзнаа амилах Б.Цогнэмэхийн "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгийн “Гадаад хяналт”-ын үзлэг өнгөрсөн сарын 30-нд болж, уран сайхны зөвлөл, эксперт нар болох зохиолч, найруулагч, урлаг судлаач, шүүмжлэгч, зураач, бүжиг дэглээч, хэл шинжлэл, угсаатны зүй судлаач зэрэг мэргэжлийн уран бүтээлчид, судлаачид, сэтгүүлчидтэй хамт үзэх завшаан олдсон юм.

Зохиолч Б.Цогнэмэх, найруулагч Н.Наранбаатар гэсэн хоршлын “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээс авсан омог бардам мэдрэмжүүд өнөө ч санаанаас гардаггүй тул өндөр хүлээлтийн дор "Хаадын хаан. Андгай"-г эхлүүллээ. Энэ хүлээлтийг хамгийн эхэнд давсан зүйл жүжгийн тайз хийгээд, жүжигчдийн хувцас байв.

I

Тэмүжинг төрөх хийгээд идэр насанд хүрэх хүртэлх хугацаанд талын нүүдэлчин овог аймгууд

“Орондоо орох завгүй

Олзлон булаалдаж

Хөнжилдөө орох завгүй

Хөнөөлдөн байлдаж...” байсныг Монголын нууц товчоонд тод томруунаар өгүүлдэг. Тэрхүү тархай бутархай талын олон баатар эрс нэгэн гарт захирагдсанаар аугаа Монгол гүрний түүх эхэлсэн гэж боддог.

"Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгийн Тэмүжин /Чингис хаан/-д хэн тоглох бол гэсэн таамаглал хүлээлт үзэгчдийн дунд ихээр өрнөсөн бөгөөд уг дүрийг жүжигчин Г.Амгаланбаатар /СТА/ авсан. Энэ талаар найруулагч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Г.Амгаланбаатар одоо 44 настай. Яг энэ насан дээрээ Тэмүжин Эзэн Чингис хаан болсон юм. Тэр үеийн хүн энэ насан дээрээ бүхэл бүтэн улс төвхнүүлсэн байна. Тэгэхээр яагаад энэ жүжигчин дээр энэ том дүрийг төвхнүүлж болохгүй гэж. Нөгөө талаараа, Чингис хааны олон зураг, олдвор бий. Гэхдээ өнөө хүртэл эрдэмтэд яг энэ нь Чингис хаан гээд эцэслэж тогтоогоогүй л байна. Харин миний төсөөллийн Эзэн Чингис хаанд Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зурсан хөрөг зураг илүү дөхнө. Тэр зурагтай Б.Амгаланбаатар жүжигчний бие хаа, царай төрх зохицож байгаа юм” гэж дурджээ.

Н.Наранбаатарын Тэмүжин эрх мэдэл, хаан суудлын төлөө тэмцэх бүү хэл хойш суусан, тайван дөлгөөн Тэмүүжин байв. Жүжигт Тэмүүжин алтан ургийнхантай хаан суудлыг булаалдах бодолгүй, Жамух өөрийгөө Гүр хаанд өргөмжлөхөд барьцах хүсэл ч төрөөгүйгээр гардаг. Харин түүнийг Хамаг Монголын хаанаар өргөмжлөгсөд нь тойрон хүрээлэгчид нь байв.

Толгойтой үснээсээ олон гэх нь ч бас хаашаа юм, Тэмүжиний дайсан цөөхөн байгаагүй. Төрөхдөө л олон арван дайсантай төрсөн Тэмүжин нэр алдар олох, дайн тулаанд ялах бүрт дайсных нь тоо цөөрөх бус улам нэмэгдэж байжээ. Олон ч дайсан нь сайн нөхөр нь болсон ч гэлээ Монголын газар нутаг тэлэхийн хэрээр эсрэг талд өшөөрхөл, дайсагнал нэмэгдэх нь зүйн хэрэг. Тэгвэл тэр их өшөөрхөл, хорсол, тулаан дундаас Тэмүжин тал нутгийн баатар эр болж “өндийн боссон”-ы нууц нь ганц түүний дайтаж тулалдах эрдэм, арга заль, ухаан цэлмэгт байсан гэвэл эндүүрэл. Дан ганц Тэмүжин бус түүнийг тойрон хүрээлэгчид ч тулаанч, арга зальтай, цэлмэг ухаантан байж. Жишээ нь Гурван Мэргэдийг довтлон ирэхийг Хоогчин эмгэнээс мэдсэн Өэлүн эх, Тэмүжинд “дайснууд ирж байна” гэж хэлэлгүйгээр үтэр түргэн Жамух, Тоорил Ван хантай нэгд хэмээн мордуулдаг. Түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй гэдэг. Гэхдээ л Тэмүжин Гурван Мэргэдийн их цэрэгтэй тулалдсан бол хожмын Чингис хаан тэр тулаанд дуусах байсан ч байж мэдэх юм.

Ээжийнхээ стратегийг дагасан Тэмүжин Жамух, Тоорил Ван хантай нийлснээр олон арван тулаанд ялалт байгуулж, талын олон овог, аймгаар алдар нэрээ мандуулдаг. Хэрэв Гурван Мэргэдэд эхнэрээ алдсан Тэмүжинд Жамух нүүрээ буруулж, хамт Тоорил Ван ханыг ятгаагүй бол Монголын нууц товчоо Чингис хааны тухай бус Гүр хааны тухай бичигдсэн байж мэдэхээр аж. Харин Жамух тэр үед андгайгаа зөрчөөгүй учир түүний анд бололцсон Тэмүжин Гүр хааныг давсан хаадын хаан болжээ. Гүр хаан Жамух үгүйсэн бол Тэмүжин Чингис хаанд өргөмжлөгдөхгүй байсан гэвэл буруудахгүй гэж бодогдож байна.

Жүжигчин М.Түвшинхүүгийн бүтээсэн Жамух /Гүр хаан/-ын дүрээс найман зууны тэртээ талын Монголын олон овог аймгийн талыг өөрийн гар дороо хуралдуулсан Жамух сүрлэг том биетэй, арга ухаан, овсгоо самбаа нь дэндсэн, цэцэн цэлмэг, буурь суурьтай баатар эр байсныг үзэгчийн суудлаас харж суув.

II

"Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгийн гадаад үзлэг сүнсгүй тоглогдож өнгөрсөн мэт санагдсан. Театрын сүнс гэдэг үзэгч олон байдаг. Хэдий “Гадаад хяналт”-ын үзлэгийг судлаач, шүүмжлэгч, уран бүтээлчид үзсэн ч театр, тайз, уран бүтээлчид “жинхэнэ” үзэгчдээрээ цангаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Үзэгчид өөрсдийгөө ямар их хүчтэй гэдгээ төдийлөн мэддэггүй. Тэдний эрчим, энерги жүжигчдэд шинжлэх ухааны үүднээс ч тайлбарлах боломжгүй далдын гэмээр хүч хайрлаж, тэр хүчний хүчээр жүжигчид яг л бөөгийн улаач мэт бүтээж буй дүртэйгээ холбогдож, тайзан дээр хөшиг нээгдэхээс хаагдах хүртэлх хугацаанд тухайн дүрийн онго тэнгэрийг өөрийн биедээ тээдэг. Тиймээс Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдрөөс эхлэн тайзнаа амилж буй "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгээр Чингис хаан, Гүр хаан, Бөртэ хатан, Өэлүн эх, Хасар, Боорчи, Мухулай, Бэлгүтэй тэргүүтэй талын Монголын их баатар, гавьяатны онгод тэнгэр УДЭТ-ын их тайзнаа орой бүр ирнэ гэдэгт итгэж байна.

III

Жамух Тэмүжиний давах ёстой даваа бус харин эсрэгээрээ татах нум нь Жамух, харвах сум нь Тэмүжин байж гэж харлаа. Гүр хаан Чингис хаанд гай болохгүй гэж зай тавьж өгч Мөнх тэнгэрт бие, сүнсээ тушааж, Тоорил Ван хан ч Чингис хааныг хүлээн зөвшөөрснөөр "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжиг өндөрлөх тийшээ хандсан. Тэгэвч Чингис хаан зөвхөн талын овог, аймгуудын хаадын хаан бус дэлхийн олон улс, гүрний хаадын хаан байсан нь түүхэнд цагаан дээр тодоос тод бичээтэй байгаа учир "Хаадын хаан" түүхэн туульсын жүжиг цааш үргэлжилж мэдэх юм гэсэн хүлээлт үлдээв.

Яг энэ цаг үед улс орноороо урагшлах хамгийн том хөшүүрэг бол эв нэгдэл гэдэг санааг зохиолч хийгээд найруулагч болон уран бүтээлчид "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгээрээ сануулахыг хүсчээ гэж таалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Жамух үгүй бол Тэмүжин үгүй  
Үзсэн: 4449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй