Шууд Chart

Тбилист Михаил Саакашвилиг суллахыг шаардсан жагсаал боллоо

2021-11-10 11:58:34

Гүржийн сөрөг хүчний удирдагчид болон Михаил Саакашвилигийн өмгөөлөгчид түүнийг суллагдах хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Михаил Саакашвилиг сонгуульд оролцохоор эх орондоо ирэх үед нь баривчилсан нь өрсөлдөгчөө дарах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл хэмээн Саакашвилигийн үүсгэн байгуулсан Үндэсний нэгдсэн намын дарга Ника Мелиа Тбилисийн Эрх чөлөөний талбайд цугларсан олонд хандан үг хэлэхдээ онцолсон юм.

Михаил Саакашвили аравдугаар сарын 1-нд нийслэл Тбилиси хотоос өмнө зүгт 30 километрийн зайд орших Рустави дахь шоронд хоригдсоноос хойш хэдэн цагийн дараа өлсгөлөн зарласан юм. Тэрбээр Гүржийн сонгуульд өрсөлдөж сөрөг хүчний байр суурийг бэхжүүлэх зорилгоор Украинаас Гүржид буцаж ирээд тэр өдөртөө баривчлагдсан.

Михаил Саакашвили 2013 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа Гүржийг орхин Украинд суурьшсан байдаг. Улстөрч долоон жил цагаачилсны эцэст аравдугаар сарын 1-нд Гүржид буцаж ирсэн юм. Ирсэн даруйдаа баривчлагдсан түүнд банкир Сандро Гиргвлианигийн амийг хөнөөсөн хэргээр 6 жил, орлогч Валерий Гелашвилигийн биед халдаж гэмтэл учруулсан хэрэгт 3 жилийн ял шийтгэл оногдуулсан байна. Үүнээс гадна 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд болсон сөрөг хүчний жагсаалыг тараасан, “Имеди” телевизийг хууль бусаар өмчилсөн, улсын төсвөөс мөнгө шамшигдуулсан хэргүүд нь  шүүхээр хэлэлцэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тбилист Михаил Саакашвилиг суллахыг шаардсан жагсаал боллоо  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй