
“Сонос медиа”-ийн үүсгэн байгуулагч,
.-Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Н.Бэлэгсайхан гэдэг. “Мон та реп” хамтлагийн дуучин, “Сонос медиа”-ийн продюсер. “Сонос медиа”-ийнхаа бүх юмаа өөрөө хийдэг дээ, яг одоогийн байдлаар ганц хүний студи /инээв/.
-Асуултаа “Мон та реп” хамтлагаас эхэлье. Танай хамтлаг анх хэзээ хэрхэн байгуулагдсан бэ. Та анхны гишүүдийн нэг үү. Танай хамтлаг яагаад эрчимтэй уран бүтээлээ хийхээ болиод урлагаас зай барьсан бэ. Одоо бусад гишүүн ямар ажил хийж байгаа вэ?
-Анх “Мон та реп” хамтлаг 1998 оноос дуу гаргаж эхэлсэн. Би анх 2000 онд “Тэнгисийн эрэг дээрх 247” дууг хамтран дуулж хамтлагтайгаа уран бүтээл хийж эхлээд жинхлэгдсэн. Хамтлагийн маань уран бүтээл хийгдэж байгаа. Гэхдээ мэдээж урьдынх шиг ээ хурдацтай хийгдэх нь багассан хэдий ч шинэ дуу гаргах бодол хүсэл бол хэзээ ч орхигдохгүй л дээ. Урлагт гараа дүрсэн хүн эргээд гарч чаддаггүй гэж үнэн. Манай хамтлагийн Бабар, Пүүжээ хоёр төрийн байгууллагад ажилладаг. Нөгөө гурав нь хувийн бизнес хийгээд явж байгаа. Он гаргаад хамтлагаараа дуу гаргах ажилдаа орно.
-Та урлагтай анх хэрхэн холбогдсон бэ. Урлагийн чиглэлээрээ мэргэжил эзэмшсэн үү эсвэл өөр мэргэжилтэй юу?
-Арван жилд байхдаа ангийнхаа хоёр хүүхэдтэй нийлж амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан. Би хамтлагийнхаа бөмбөрчин, дуучин, гитарчин гээд ер нь хашиж үзээгүй "албан тушаал" гэж байхгүй дээ. Хөгжмийн боловсрол мэргэжлийн сургуульд эзэмшээгүй, ер нь сонсгол мэдрэмжээрээ л сурсан. Би Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, дараа нь одоогийн СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ахын аав нэрт найруулагч Б.Бадар-Ууган багшийн шавь.
-Таны ““Hummer Belgee” хэнийг ч дуулуулж чадна гэсэн гарчигтай” хөгжмийн микс бичлэгийг үзэж байсан юм. Техник технологийн хөгжил урлагийн олон төрөлд шинэлэг зүйлсийг авчирч байна. Үүний нэг жишээ нь таны хөгжмийн бүтээлүүд гэж харлаа. Мэдээж ая зохиогчийн авьяас, мэдрэмжгүй бол энэ төрлийн бүтээлүүд төрөх боломжгүй байх?
-Ер нь бол таг сонсголгүй, хөгжмийн мэдрэмжгүй хүнийг ч компютерийн программын тусламжтайгаар дуулуулах боломжтой. Гэхдээ үүнд нэг ялгаа байгаа. Зарим хүмүүс ойлгохдоо мэргэжлийн дуучид ч бас хоолойгоо компютерийн программаар янзлуулаад гоё дуулаад байна гэж ойлгосон байна лээ. Тэр бол маш ялгаатай зүйл. Мэдээж мэргэжлийн дуучид мэргэжлийнхэн л байдаг. Тэдний хоолойг засах янзлах ажиллагаа нь ч маш бага. Харин дуулаагүй зүгээр юм ярьж буй хүний хэлсэн үгнүүдийг дуу болгоно гэдэг бол илүү их ажиллагаатай, нарийн тохируулга ихтэй зарим тохиолдолд эффект хэтэрчихсэн юм шиг сонсогддогт ялгаа нь байдаг юм.
Жишээ нь, миний хийгээд байгаа бичлэгүүд бол хүмүүсийн яриа эсвэл сольгүй ч хамаагүй дуулсан бол засаж янзлаад аялгууг нь дөхүүлээд хийчихэж болдог. Мэдээж тэр хийж байгаа дуундаа зориулсан ая, хөгжмийн найруулгаа би өөрөө шинээр зохиож хийдэг.
-Таны яруу найрагч Д.Наранбаатар /Наба/-ын шүлгийг дуу болгосон видео сошиалаар маш олон хүнд хүрсэн. Ийм бичлэг хийх, ая зохиох, хөгжмийн найруулга хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Анх дөрвөн жилийн өмнө манай үеэл Ууганбаяр гээд программист залуу “Монголд хөгжмийн микс хийвэл гоё юм байна. Тийм боломж байдаг уу” гэсэн санаа хэлж байсан юм. Би хоёр жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын гишүүн М.Билэгтийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн шударга ёсны тухай үгсийг хөгжмийн микс бичлэг болгож үзмээр санагдаад микс хийсэн. Дуусчихаад “фэйсбүүк”-тээ оруулаад хоёр цагийн дараа хартал 25 мянган хүн үзсэн байсан. Түүнээс хойш яг энэ чиглэлээр дагнаад бүтээл хийж болох юм байна гэж бодоод хийж үзэж байгаа.
Урьд студи маань “Hummer records” гэсэн нэртэйгээр уран бүтээлүүд хийсэн. Энэ нэрээр гурван жил болсны ард өөрчлөлт хиймээр санагдаад студийнхээ нэрнээс эхэлж, өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Тэгсэн “Дижитал” хамтлагийн дуучин Эрка “Сонос” гэдэг нэрийг өгсөн л дөө.
Удаагүй “фэйсбүүк” ухаад байж байсан чинь Набагийн малаа хариулж явахдаа өөрийнхөө зохиосон шүлгэн дээр, ая аялаад (гэхдээ яг оновчтой аягүй дуу байсан /инээв/) дуулсан гар утасныхаа камераар хийсэн бичлэгийг нь олон хүн үзэж, шэйрлэсэн байсан. Би тэр бичлэгийг сонсоод хөгжмийн микс хийж үзмээр санагдаад хийсэн чинь тун дажгүй дуу болчих шиг болсон. Тэрнээс хойш энэ чиглэлээр дагнаад дуунууд гаргахаар шийдсэн. Одоо Наба бид хоёр дотны танилууд. Дахиад зургаан дуу гаргах материалууд над руу ирүүлсэн байгаа. Дууны тэмцээнд орох гэж байгаа юм гээд нэг дуу хийлгүүлсэн. Мөн аав, ээждээ зориулж нэг дуу хийлгэсэн. Бүр Бэлэгээ найздаа баярласнаа илэрхийлээд өвлийн идшийг нь өгнөө гэсэн шүү.
-Д.Наранбаатар дуунуудаа сонсоод ямар санагдсан талаараа хэлсэн үү?
-“Гоё байна, баярлалаа” гээд их л урамтай, өөрт нь маш их таалагдсан байна лээ. Өчигдөр /уржигдар/ нэг клипэнд тоглох гээд хотод ирсэн. Тэгээд над дээр ирчихээд явсан. Өнөөдөр /өчигдөр/ буцаж байгаа байх. Тэр клип нь өөр уран бүтээлчдийн дууны клип юм билээ. Наба маань клипэнд нь тоглож байгаа гэсэн. Надад сүү, тараг авчирч өгсөн. Хотод ирэхдээ тэр холоос надад цагаан идээ аваад ирсэн нь ёстой сайхан сэтгэл шүү.
-Таны ярианаас л Д.Наранбаатарт дуунууд нь маш их таалагдсан нь мэдрэгдэж байна. Та хоёрын хамтарсан бүтээлүүд гарснаас хойш танаар хөгжмийн микс хийлгэх гэсэн хүсэлт, захиалга их очсон гэсэн?
-Ер нь л шинэ жилийн баяр дээрээ үзүүлбэр үзүүлэх гэсэн эсвэл зүгээр л өөрийнхөө бичлэгийг дуу болгох гээд сонирхоод асууж байгаа хүмүүс байгаа. Шинэ жилийн баяр дөхөж байна, зарим нь эхэлчихсэн. Тиймээс албан байгууллага, хамт олондоо хөгжилтэй номер бэлдээд үзүүлэх нь дуу дуулахаас илүү шинэлэг, хөгжилтэй байх л даа.
-Монголд танаас өөр яг энэ чиглэлийн бүтээл хийдэг уран бүтээлч байгаа юу. Энэ төрөл олон улсад хэр хөгжсөн бэ?
-Олон улсад бол мэдээж энэ чиглэлийн уран бүтээлчид байлгүй яахав. Монголд яг одоогоор энэ чиглэлийн уран бүтээлчдийг сайн мэдэхгүй л байна, мэр сэр байгаа байх. Яг энэ төрлийн хөгжмийн микс хийдэг гадаадын алдартай уран бүтээлчид гэхээр бас толгойд орж ирэхгүй л байна. Ганц хоёр бичлэг үзэж байсан. Гэхдээ хүний хэлсэн үг, уншсан шүлгийг дуу болгосон бичлэг байгаагүй. Олон хүний хэлсэн үгийг нэг нэгээр нь тасдаад нэг аянд оруулсан хөгжмийн миксүүдийг бол үзэж байсан.
Тиймээс Монголдоо бол намайг анхдагч нь гэж хэлж болох байх. Өөр ингэж хийдэг хүмүүс байдаг л байх. Гэхдээ яг энэ чиглэлийг анх таниулсан хүнийг нь бол өөрийгөө гэж боддог.
-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе
-Миний хийсэн Набагийн дуун дээр хэд хэдэн хүн "Дуучдад итгэх итгэл алга болчихлоо" гэж бичсэн байна лээ. Тэгж бодож болохгүй шүү гэж хэлмээр байна. Учир нь дуучид бол мэдээж мэргэжлийн уран бүтээлчид байдаг учраас хоолой засах гэх мэт ажиллагаанууд нь маш бага. Харин яг миний хийгээд байгаа чиглэл бол маш их ажиллагаатай, өөр ангилалдаа орчихно. Ямар сайндаа “Сонос медиа”-ийн бүтээл гээд нэг дуучны дууг нийтэд цацахаар хүмүүс “бас л компьютероор тултал нь янзалчихсан биз” гэсэн ойлголт авчих вий гэж айдаг болчихсон. Тэгэхээр мэргэжлийн дуучдын болон мэргэжлийн бус хүний дууг ялгаж салгаж хүлээж аваарай л гэж хэлмээр байгаа юм. Ер нь бол цаашид олон хүний ийм чиглэлийн дуунууд гарна даа. Он гаргаад нэлээн эрчимтэй хөгжүүлнэ гэж бодож байгаа.
-Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны хувийн болон хамтлагийн тань цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Н.Бэлэгсайхан: Набад “Залуу нас”, “Хөдөө нутаг сайхан” дуу нь маш их таалагдсан, надад өвлийн идэш өгнө гэсэн | ||
Үзсэн: 5108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.