
Стратеги академийг удирдахаар болсон хүний эрхийн шинжээч Б.Болорсайханыг урьж хүний эрх болон Монгол ардын намын 30 дугаар их хурлын талаар ярилцлаа.
-Та хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан. Яагаад улс төрийн намыг сонгосон бэ?
-Би 2021 онд Стратеги академийн хийсэн “Хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”-ны зөвлөхөөр ажилласан. Энэ үед манай улсад ажилладаг цөөн тинк танкын нэг болохыг, бодлогын судалгааны нөөц сайтайг мэдэж авсан. Мөн манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх судалгаанд оролцохдоо Монгол ардын нам хүний эрхийн чиглэлээр дэвшилтэт алхам хийхээр зорьж байгааг мэдсэн юм. Товчхондоо үнэт зүйлс, үзэл баримтлалын хувьд би социал демократ, мөн хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжтой, нийгмийн нөөцийг шударга хуваарилдаг, сайн сайхны төлөө хүмүүс нэгнээ дэмжин амьдардаг нийгмийн төлөө их зүйл хийж болно гэсэн итгэлээр сонгосон.
-Та саяхан Стратеги академийн захирлаар очсон. Юун түрүүнд баяр хүргэе. Энэ байгууллагын талаар манай уншигчид төдийлөн гүнзгий мэдэхгүй байж магад. Тиймээс Стратеги академийн нөлөөлөл, ач холбогдол, цаашдын зорилго чиглэлийн талаар мэдээлэл өгөөч?
-Баярлалаа. Анх 1955 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Намын түүхийн институт нэртэй байгуулагдаж, 2014 оноос Стратеги академи гэж нэрээ өөрчилсөн. Одоо Стратеги академи нь Монгол Улсын хөгжлийн стратегийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн боловсруулж, бодлогын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний бодлогын хүрээлэн болох зорилтыг дэвшүүлэн ажилладаг. Төр, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, мөн бизнесийн байгууллагуудын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл явцыг задлан шинжлэх, хөндлөнгөөс үнэлэх, боломжит хувилбар, санал боловсруулах зэргээр үйлчилдэг мэргэшсэн байгууллага болохоор зорьж байна. Цаашид намын дэргэдэх үндэсний хэмжээний бодлогын хүрээлэн болох, үлгэрлэх зорилт бий.
-Салбар бүрийн залуусын төлөөлөл улс төрийн намд элсэж байна. Эрх баригч намыг дэмжихээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж хараад байдаг. Сонгуульд нь ажиллаагүй мөртлөө ялсан, төрийн эрх авсан хойно нь элслээ гэсэн яриа байдаг. Та яагаад Монгол ардын намыг, мөн яагаад одоо энэ хугацаанд дэмжихээр болов оо?
-
Би ямар улс төрийн хүчин эрх барьж байгаагаас үл шалтгаалж, итгэл үнэмшилдээ тууштай байх, үнэт зүйлээрээ нэгдсэн байх, үзэл баримтлалаа үлгэрлэн түгээх бол намын гишүүний гол үүрэг гэж боддог. Намын гишүүн, эсвэл дэмжигч гэдгээ нуудаг, ичдэг, зовдог байхын оронд ямар үнэт зүйлээ эрхэмлэн намын гишүүн болсон, ямар үзэл баримтлалаар дэмжиж байгаагаа ил хэлдэг, харуулдаг байх нь чухал. Миний хувьд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг адлагдсан, хавчигдсан, гадуурхагдсан бүлгийн эрх тэгш байдлыг хангах, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх, жишээлбэл бүх нийтэд боловсролыг чанартай, хүртээмжтэй, тэгш, үнэ төлбөргүй олгох, нөөц, боломж, баялгийг тэгш хуваарилах зэрэг итгэл үнэмшилтэй минь тус намын үзэл баримтлал таарч байгаа тул дэмжихээр шийдсэн.-Монгол ардын намын 30 дугаар их хурлын нэг онцлох сэдэв нь хүний эрх. Юу ярилцав, яагаад энэ сэдвийг хөндөж эхлэв. Ямар гарц шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Манай улсын 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийг баталгаатай эдлүүлэх үүргийг төрд ногдуулсан байдаг. Үүгээрээ эрх барьж байгаа аливаа улс төрийн намын зүгээс хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхүйц нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хангах ёстой. Энэ утгаараа манай нам хүний эрхийг анх удаа ярьсан зүйл биш. Харин иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ сайтар биелүүлэхийн тулд тусгайлан анхаарч, хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлоготой байхаа зарласан. Мөн Монгол ардын нам энэ удаагийн их хурлаар намын хөтөлбөрөө баталсан. Та www.nam.mnгэсэн веб сайтаар ороод үзвэл “Шинэ зуун дэвшилтэт бодлого” гэсэн баримт бичгийг үзэж болно. Энэхүү хөтөлбөр нь манай нам юуны төлөө зорьж байгаа, ямар үзэл баримтлал, үнэт зүйлтэй гэдгийг энгийн, ойлгомжтой тайлбарласан байгаа. Үүний зэрэгцээ тэрхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юунд зорьж байгаа вэ гэдгийг таван хүрээнд тодорхойлсон. Эдгээр хүрээний дагуу 25 зорилт бол хүний эрхийг эдлүүлэх гарц шийдэл гэж болно. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого баталсан нь өнөөгийн хүнд хэцүү цагийг туулах 6 шийдэл, дэвшилтэт бодлогоо хэрэгжүүлэх газрын зураг хэмээн тайлбарлах боломжтой. Цаашилбал Монгол ардын нам илүү дэвшилтэт, гишүүн төвтэй, нээлттэй, цахим, бодлогын нам болохоор дотроосоо шинэчлэгдэж байна.
-Та хүний эрхийн шинжээч хүний хувиар энэ асуултад хариулт өгөөч. Монгол Улсын улс төрийн ууган хүчин, одоо эрх барьж буй нам хүний эрхийн тал дээр юунд анхаарах ёстой вэ?
-Дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ мөчид нийгмийн харилцаагаа зохицуулах хэм хэмжээг илүү уялдаатай, үр нөлөөтэй болгоход анхаарах ёстой. Өдөр тутмын харилцааг зохицуулдаг 318 хуулийн хоорондоо уялдсан, хүний эрхийг баталгаажуулсан эсэхийг 15 хуульч, судлаач судалсан. Үүгээр шинэ тутам харилцааг зохицуулах хууль батлах, мөн одоо байгаа зохицуулалтаа үр өгөөжтэй болгох талаар анхаарах ёстой. Тодруулбал, цэрэг, цагдаагийн алба, эрүүл мэнд, боловсролын тухай хуультай боловч хүний амьдралд хуульч, шүүгч, эмч, багш шиг ёс зүйтэй ажиллах шаардлагатай мэргэжил бол нийгмийн ажил байдаг. Манай улсад бусад салбарын туулсан замтай харьцуулахад шинэ тулгар салбар гэж харж болно. Жишээлбэл, Нийгмийн ажлын тухай хууль шинээр баталвал хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүчирхийлэлтэй тэмцэхэд ахиц дэвшил гарна.
-Иргэд юуг ажиглах ёстой вэ. Ямар хүлээлт үүсгэх вэ?
-Нэгдүгээрт, эдгээр хууль нь таны амьдралд ямар тустай вэ гэдгийг байнга анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, ил тод, нээлттэй, иргэдийн дуу хоолойг сонсдог, шуурхай, бүтээмжтэй байдлаар ажиллаж байгаа эсэхийг нягтлах нь чухал. Гуравдугаарт, олон намын парламентат ёсыг бэхжүүлж байгааг улс төрийн нам, түүний санхүүжилтийн талаар хуулийг хэрхэн боловсруулж баталснаар, авлигын эсрэг хэрхэн тэмцсэн зэргээс ажиглах, хүлээх шаардлагатай гэж хэлмээр байна.
-Та яриан дундаа намын мөрийн хөтөлбөрийн талаар хэд хэд дурдлаа. МАН-ын мөрийн хөтөлбөр яагаад чухал баримт бичиг вэ?
-Аливаа намын мөрийн хөтөлбөр нь тухайн улсын урт хугацааны хөгжлийн жанжин шугам болдог онцлогтой, үүндээ сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ч нийцүүлж гаргадаг, бодлогоор өрсөлддөг. Иймээс хүний эрх тэргүүтэй социал демократ үнэт зүйлс, эв санаагаар нэгдсэн нийгэм, шударга ёсны засаглал, тогтвортой хөгжил, чанартай өсөлт бүхий эдийн засаг, эх дэлхийд ээлтэй хөгжлийн бодлоготой байхаа илэрхийлсэн хүн нэг бүрийн амьдралд чухал, заавал танилцаж анхаарах баримт бичиг юм шүү.
-Хоёулаа хүний эрхийн талаар голчлон ярилцлаа. Энэ жил Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн хэд хэдэн хүн баривчлагдсан. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү. Цаашид иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ хэрхэх ёстой вэ?
-Мөн. Хүний эрхийг олон улсын хэм хэмжээ, жишигт улам сайн нийцүүлэх шаардлагатайг харуулав. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай, ялангуяа бүртгэх журмыг өөрчлөх ёстойг харуулсан бодит үйл явдал гэж харж байна. Улсын Их хурлын гишүүн Н.Учрал үүнийг анхаарч, хүний эрхийг хамгаалахын тулд энэхүү хуулийг өөрчлөхөөр төсөл боловсруулсан. Мөн шинэ дижитал эринд маш чухал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүд болон тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ч хэлэлцэж батлуулж байгааг дээр дурдсан хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт алхам, дэвшилтэт бодлогын бодит илрэл, жишээ шүү. Цаашид иргэд хүний эрх нь эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл гэдгийг ухамсарлаж, бусдын нэр төр, эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр эрхээ шаардах нь хүний эрх хамгаалагчийн зохистой үйлдэл гэж хэлмээр байна.
Б.Болорсайхан: Аливаа намын мөрийн хөтөлбөр тухайн улсын урт хугацааны хөгжлийн жанжин шугам болдог | ||
Үзсэн: 2594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.