Шууд Chart

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсууд Афганистаны литийн нөөцийг тогтоохоор уралдаж байна

2021-12-18 13:39:21

БНХАУ ашигт малтмалын компаниуддаа Афганистанд тусгай зөвшөөрөл авч хайгуул хийх ёстойг анхаарууллаа. Учир нь Талибаны Засгийн газраас, хайгуулын тусгай  зөвшөөрөлгүй гадаадын иргэдийг саатуулж эхлээд байна.

Афганистанд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам “Афганистаны Уул уурхай газрын тосны яам,хайгуулын зөвшөөрөл олгохдоо онцгой хатуу стандарттай. Одоогоор Афганистаны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хайгуул хийсэн гадаадын иргэдийг баривчилсан олон тохиолдол гарч байгаа тул сохроор биш, заавал зөвшөөрөл авсан байх ёстой” гэж цахим хуудаснаа тавьсан мэдэгдэлдээ дурджээ. Учир нь өнгөрсөн сард БНХАУ-ын ашигт малтмалын хэд хэдэн томоохон компанийн төлөөлөгчид литийн нөөцтэй танилцахаар тусгайлан тохиролцсон визээр Афганистанд айлчилсан юм. Афганистан улс  алт, зэс, лити гэх мэт байгалийн баялгийн ашиглагдаагүй томоохон ордтой. Эдгээр металлын үнэ 2010 оны судалгаагаар 1-3 их наяд ам.долларын үнэтэй гэж тооцоологдож байсан ч, яг өнөөгийн ханшаар энэ нөөц хэд болж өссөн нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн Афганистан улс цахилгаан тээврийн хэрэгслийн батарейн гол бүрэлдэхүүн хэсэг болох литийн асар их нөөцтэй ч үүнийгээ олборлоход шаардлагатай дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Тиймээс Талибанчууд Засгийн эрхийг гартаа авснаас хойш БНХАУ АНУ болон түүний холбоотнуудын үлдээсэн хоосон орон зай руу орж литийн болон зэсийн ордуудад нэвтрэх боломжийг хайж байна гэж зарим шинжээчид үзсэн юм. Учир нь БНХАУ 2021 оны 8 дугаар сараас хойш Талибантай шууд харилцаа тогтоож чадсан бөгөөд тусламж илгээсэн цөөхөн орны нэг. Ингэснээр тус улс Талибантай харилцаагаа ахиулсан гэж Сингапурын үндэсний их сургуулийн Өмнөд Ази судлалын хүрээлэнгийн шинжээч Клаудиа Чиа онцолсон юм.

Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улсууд Афганистаны литийн нөөцийг тогтоохоор уралдаж байна. Тэгвэл Афганистан дахь литийн ордууд Болив дахь дэлхийн хамгийн том литийн ордтой өрсөлдөхүйц гэж Номурагийн шинжээчид үзэж байна. БНХАУ-ын ашигт малтмалын компаниуд дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг болох Кабулаас зүүн өмнөд хэсэгт орших Мес Айнакийг ашиглах асуудлаар 11 дүгээр сарын сүүлээр Талибуудтай хэлэлцээ хийсэн байна. Мөн хувийн хэвшлийн нэг компани Зүүн Нангархар, Лагман мужид бусад ашигт малтмалын хүртээмжийг судлахаар очжээ.

Афганистан дахь уул уурхайн төслүүд нь логистик болон аюулгүй байдлын тал дээр асар их сорилттой тулгарсаар байна. Жишээлбэл, баялаг ихтэй Лагман муж бол Талибаны эсрэг тэмцэгч Исламын улс  зэвсэгт бүлэглэлийн гол түшиц газар юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсууд Афганистаны литийн нөөцийг тогтоохоор уралдаж байна  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй