Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-06-07 07:34:30

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн эхээр хур бороо элбэгтэй байсан ч сүүлчээр халуун өдрүүд зонхиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч долоо хоногт МҮОНТ-ээр иргэдийн асуултад хариуллаа. “11 11” төвөөс шууд дамжуулагдсан эл нэвтрүүлгээр Ерөнхий сайд улс орны эдийн засаг, бүтээн байгуулалт, дэд бүтэц зэрэг чухал сэдвүүдээр хариулт өгсөн. “Буянт-Ухаа I” хорооллын үлдсэн байруудыг хэрхэх тухай хүлээлт нийгэмд үүсээд байгаа билээ. Тэгвэл үлдсэн байруудыг дахин сугалаа явуулалгүйгээр төрийн байгууллагуудаас ирсэн саналуудад хувааж өгөхөөр болсон байна. Энэ тухай болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шууд нэвтрүүлэгт орохдоо иргэдийн асуултад хэрхэн хариулсныг ЭНДЭЭС унших боломжтой.

“Давхар дээл”-нээс үүдэлтэйгээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам сайдгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйн улмаас асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Ш.Түвдэндоржийн нэрийг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй учраас сайд томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан гэх ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илэрхийлсэн байр суурь нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь өнгөрөгч долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээсэн юм. Хариу албан бичигт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурдсан юм. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч мөн л гишүүдийн ирц хүрээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Ингэснээр энэ хоёр асуудал ирэх долоо хоногийг хүлээх болж байна.

Өнгөрөгч долоо хоногт зургаадугаар сарын цахилгаан сүлжээ засварлах хуваарь гарлаа. Хуваарийг ЭНДЭЭС  уншаарай.
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар өргөн мэдүүлж Үндэсний их баяр наадмын тухай хуулиас Далай аварга цолыг хасах санал гаргасан юм. Энэ цол байснаар бөхчүүд даян болон дархан аварга цолонд хүрэх боломжийг хааж байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Далай аварга цолыг хассанаар үндэсний бөхийн цолны агуулга сайжирч, бөхчүүдийн нэр хүнд сайжирна гэж үзжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул дээрх хуулийн төслийг хэлэлцэе гэсэн агуулгаар санал хураахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм. Үүгээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж "Далай аварга" цолыг хасах эсэх асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд буцаалаа.

Монголчуудын бахархлыг төрүүлсэн хоёр ч үйл явдал өнгөрөгч долоо хоногт боллоо. Казахстаны нийслэл Алма-Ата хотод дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч долоо хоногт болсон юм. 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Тунисын боксчин Шили Алааттай тулалдан алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр ОУХМ Б.Чинзориг дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан анхны монгол тамирчин болж байгаа юм.

Хоёр дахь сайхан мэдээ нь Монгол Улсын иргэн Нобелийн Энхтайваны төлөөх шагнал хүртсэн тухай юм. Тодруулбал, Монгол Улсын иргэн НҮБ-ын зэвсгийн шинжээч, доктор, Доржпаламын Эрдэнэцогтыг даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн Энхтайваны төлөөх шагналаар шагналаа. Д.Эрдэнэцогт НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг юм байна.

Манай улс планетариумын төвтэй боллоо. Энэ төвийн нээлт өнгөрсөн долоо хоногт боллоо. Планетари гэдэг нь тэнгэрийн мандлыг одтой нь, гарагуудыг дагуултай нь, сүүлт од, солирыг, мананцруудыг, галактикийг, мөн нар, сарны хиртэлтийг харуулдаг төхөөрөмжийг хэлдэг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу. 

Цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа бага насны хүүхдүүдийг байнга зодож, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн Д.Цэнд-Аюушт өнгөрөгч долоо хоногт ял оноолоо. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа ёс бус авирласан түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оногдууллаа. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлэв.

Сүүлийн үед интернэт орчныг тойрсон залилан мэхлэх үйлдэл тасралтгүй үргэлжилж манай улсын иргэд хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, “Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 2014.03.06-ны өдөр фэйсбүүкээр Англи улсын харьяат гэх хуурамч хэрэглэгчтэй харилцаа тогтоож, улмаар гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносож, бэлэг явуулах тухай яриа гаргаж, хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас гэх байдлаар утсаар ярьж, таны нэр дээр Англи улсаас илгээж байгаа ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн. Та үүнийг авахын тулд ийм хэмжээний төлбөрийг төлнө үү гэх зэргээр хууран мэхэлж 7850 ам.долларыг шилжүүлж авсан байна. Энэ талаар тухай бүр сэрэмжлүүлэх мэдээллийг цацаж байгаа ч уг гэмт хэргийн хохирогч дахин бүртгэгджээ. “2014.02.19-ний өдөр Улаанбаатар хотын харьяат иргэн А нь дээрх этгээдэд 2550 ам.долларыг шилжүүлж залилуулсан” нь тогтоогдсон байна. Гэмт этгээд дээрх үйлдлийг хийхдээ Малайз улсын бүртгэлтэй утас, данс болон Вестерн Юнион үйлчилгээг ашиглаж байх тул иргэд сонор сэрэмжтэй байж интернэт орчинд танилцсан аливаа этгээдэд бүрэн итгэхгүй байх, сэжигтэй зүйл илэрвэл Цагдаагийн байгууллагад хандахыг Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сэрэмжлүүллээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын "RAILBUS" Амгалан-Толгойтын чиглэлд үйлчилгээнд явуулах үйл ажиллагааны нээлт өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар өртөөнд боллоо. Нээлтийн сурвалжлагыг ЭНДЭЭС  уншаарай.

Зах, худалдааны төвүүд хагас сайн өдөр ажиллахгүй. Бүх нийтээр спортыг дэмжих “Улаанбаатар-Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн, “Авто машингүй өдөр” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан иргэдийг марафонд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүд энэ сарын 7-нд  амарна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-07 11:06
novshnuudaa buhiintsol solohoos iluu huleegdej bui ajiluud ih bnshdee ardtumen haymraad bhd lalaruudaa

Бидэнтэй нэгдээрэй