Шууд Chart

Жишиг соёлын төв шалгарууллаа

2022-02-01 13:50:59

Орон нутгийн соёлын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилгоор “Жишиг соёлын төв” шалгаруулах ажлыг улсын хэмжээнд нээлттэй зарлан зохион байгуулж, өнөөдөр шалгарууллаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Стандартын шаардлага хангасан соёлын төвийн тоог нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байдаг бөгөөд улсын хэмжээнд нээлттэй зарласан шалгаруулалтад 17 аймгийн 17 сумын соёлын төв өрсөлдсөн юм.

Соёлын төвийг  бүсчлэн шалгаруулах үүрэг бүхий салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг “Жишиг Соёлын төв”-өөр

Баруун бүсээс Говь-Алтай аймгийн Чандмань сумын Соёлын төв

Хангайн бүсээс Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Соёлын төв

Төвийн бүсээс Дундговь аймгийн Хулд сумын Соёлын төв, Зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Соёлын төвийг тус тус шалгаруулав.

Соёлын дэд сайд М.Батбаяр: “Соёлын төвийн орчин, үйл ажиллагаа, хүний нөөцийг бэхжүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх  зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа төдийгүй Соёлын сайдын тэргүүлэх бодлогын нэг билээ.

Соёлын яам цаашид соёлын төв, соёлын ордныг стандартчилах, стандартын шаардлага хангасан соёлын төвийг нэмэгдүүлэх бодлого, зорилтыг төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаад шалгарсан дөрвөн сумын соёлын төвийг 2022 оноос эхлэн Соёлын яам тусгайлан дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Та бүхэн маш хурдтай хөгжиж, хамтран ажиллаж, үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлах, олон улсын жишигт хүрэх томоохон зорилгыг өөрсдийн ажилдаа төлөвлөх шаардлагатайг энэ ташрамд дурдах нь зүйтэй” гэлээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Жишиг соёлын төв шалгарууллаа  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй