Шууд Chart

АНУ-ын Конгрессын Дээд танхим хуулийн төслөө баталжээ

2022-02-21 13:15:37

АНУ-ын Конгрессын Дээд танхим болох Сенат энэ сарын 18-наас хойш төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг түр үргэлжлүүлэх, Засгийн газраа шатдаунд орохоос сэргийлсэн хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт баталлаа. Хуулийн санаачилгыг Сенатын 65 гишүүн дэмжиж, 27 нь эсэргүүцсэн байна. Хуулийн төслийг одоо Цагаан ордны тэргүүн Жо Байденд илгээсэн байна. Ерөнхийлөгч Байден үүнд гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлнэ.

Ийнхүү Конгрессын хоёр танхимын хууль тогтоогчид ирэх намар хүртэл холбооны байгууллагуудаа санхүүжүүлэх асуудлаар ээлжит хэлэлцээ хийх нэмэлт хугацаатай боллоо.

Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхим дэмжсэн байна. Конгрессын завсрын сонгууль болох жил, мөн цар тахал, Оростой зөрчилдөж байгаа энэ үед Засгийн газрынхаа үйл ажиллагааг зогсоох нь эрсдэлтэй алхам гэж Конгресс дэх Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намынхан үзжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр АНУ-ын Засгийн газар ирэх сарын 11-нийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, төсвийн санхүүжилт авах боломжтой болно. Энэ хугацаанаас өмнө хууль тогтоогчид 2022 оны санхүүгийн жилийн төсвийн асуудлаараа зөвшилцөх ёстой.

АНУ-ын Холбооны Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард ч үүнтэй адил арга хэмжээ авч, энэ сарын 18-ныг хүртэл шатдаунаас зайлсхийж чадсан юм.

АНУ-ын санхүүгийн жил өнгөрсөн ёсдүгээр сарын 30-наас дууссан. Хэрэв энэ өдрөөс өмнө ирэх жилийнхээ төсвийг батлахгүй бол Конгресс холбооны байгууллагуудынхаа санхүүжилтийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэх хууль санаачилж хэлэлцдэг байна.

Сүүлийн жилүүдэд Конгресс дэх Бүгд найрамдах нам, Ардчилсан намын зөрчилдөөнөөс болоод шатдаунтай байнга тулгарах болсон. АНУ-ын түүхэнд нийт 17 удаа шатдаун болж байснаас хамгийн сүүлчийнх нь 2018 оны сүүлч, 2019 оны эхээр гарч байжээ. Шатдаун гэдэг нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр хэсэгчлэн зогсохыг хэлдэг юм байна.


АНУ-ын Конгрессын Дээд танхим хуулийн төслөө баталжээ  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй