Шууд Chart

ТЕГ: Экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгаж байна

2022-04-06 12:22:48

Тодруулбал, иргэдээс зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдах, үймээн самуун, өдөөн хатгалгад турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байна. Энэ хүрээнд экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх этгээдүүд экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөсөн бөгөөд орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд нь хийсэн үзлэг нэгжлэгээр Улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалтын галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс илэрчээ. Үзлэг нэгжлэгийн явцад сери дугаарыг зориудаар арилгасан “АК-47” маркийн автомат буу нэг, бүртгэлгүй галт зэвсэг тав зэрэг нийт 12 ширхэг галт зэвсэг илрүүлжээ. Үүнээс гадна нийт 861 байлдааны болон галт зэвсгийн сум, түүнчлэн тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Дээрх этгээдүүд зохион байгуулалттай хууль бус ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрчээ. Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан бөгөөд тухайн үйлдэлтэй эрүүгийн хэргийг Тагнуулын байгууллагад нэгтгэн шалгаж байна.

Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй тул иргэдийг жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ТЕГ: Экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгаж байна  
Үзсэн: 2504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй