
/Нэг хүний үглэлт өгүүлэмж/
Нойр хүрэхгүй болохоор баахан зурагт үзэж хэвтэх юм даа. Эртүүд миний яриад байсан нөгөө байшин босоод одоо манай доод айлын наран талын цонхыг таглачихаж. Аягүй бол маргааш манай цонхыг таглана даа. Нэг мөр өдөр шөнө ялгахгүй, унтах босох хамаагүй амарч болох юм уу. Хүүхдүүд хэрэлдэн хэлцэн байж нэг баахан солонгос кино увуулж цувуулж үзээд сая л унтацгаалаа. Дахиж нэг зурагт авахгүй бол болохоо больж. Ганцаар ч тогтохгүй. Гурван хүүхэд гурван янзын кино үзнэ гэхлээр гурван зурагт хэрэгтэй юм даа. Одоо бүр тэгээд гурав биш дөрөв болох гээд байна. Ямар билээ өөр телевизээр бас нэг солонгос кино гараад эхэлчихэж. Энэ хэдэн солонгос киноноос болж айл гэр ая эвээ алдаж, нэг өдөр хэдэн тийшээ болох бий. Яасан ч уйддаггүй үзэж ханадаггүй солонгос кино байдаг юм. Хүүхдүүд солонгосын виз олж солонгос явна гээд байдаг, энэ олон солонгос кино гарч байхад тийшээ очсон очоогүй ялгаагүй юм биш үү. Солонгост байгаа юм шиг өдөр өнжилгүй хэд хэдээр нь үзээд одоо жүжигчдийг нь нөгөө хошин шогийн хэд шигээ бүр танил болчихож. Эднийг солонгос киногоо үзээд дуусахаар би нэг жаахан зурагт хармар болдог юм. Шөнө дөл болчихоор надад таарсан үзэж харчихмаар юм гарах биш дээ. Нойроо л хүргэж суугаа нь тэр. Нэг бол Хятадын нэвтрүүлэг нөгөө бол баахан орос кино гарчихна. Би ямар хэл усыг нь мэдэх биш. Манай улс одоо Монгол Улс л баймаар юм. Чингис хааны нэртэй архи үйлдвэрлэдгийг нь бодохоор яалтгүй л Монгол Улс. Үздэг кино нь Солонгос өмсдөг хувцас нь Хятад, шүтдэг улс нь Америк болохоор ямар юмны Монгол байдаг юм гэж бодогдох юм. Эртүүд ач хүү асууж байна аа.
-Өвөө энэ далавчтай юм шиг цагаан юман дээр чернээл шиг цэнхэр юм асгаад байх юм, юу юм бэ? гэлээ. Хэлэх ч үг олддоггүй тэр нөгөө эмэгтэй хүний хааяа нэг хэрэглэдэг юм бололтой. Байнга л зурагтаар Орос, Монгол, Хятадгүй гаргачих юм. Бодох нь ээ хүүхэд тэгж асуух нь аргагүй юм билээ. Би бүр зориуд нэг өдөр зурагтаас салалгүй тоолж үзсэн гучин хэдэн удаа гарчих нь лээ. Зурагтаар нэг воок, эмэгтэй хүний хааяа хэрэглэдэг юм, хэдэн ус ундаа, нэг сүрхий хашгичсан цавууны нэр, байна аа гайхуулсан банкуудаас өөр хүнд хэрэг болох рехлаам гардаггүй юм даг аа. За тэгээд энэ тэр солонгос кинонуудыг уу. Хамаг залуус нь амь амьдрал ар гэрээ бодоод солонгос явчихсан үлдсэн хэдэн нь солонгосоос ирүүлсэн хэд гурван төгрөгөөр нь амь амьдралаа залгуулж, солонгос кино үзэж солонгос эксель унаад эрх биш Засгийн ордон дээр алтан соёмбот далбаа маань мандаж байдаг болохоор Монгол Улс байж байна л гэж бодох юм даа. За тэр... нөгөө эмэгтэй хүний хааяа нэг хэрэглэдэг юмны реклам чинь дахиад гараад ирлээ. Энэ өнөөдөр хорь дахь нь явж байгаа юм. Энэ охин чинь хэн билээ байз. Ачдаа маргааш юу гэж хэлнэ дээ байз. Чернээл болдоггүй алчуур гээд хэлчихвэл эмээгээ авч өг гээд шалчихна даа. За тэр яамай зад загнаад хэлэхгүй байж болчихно. Харин маргааш гарах дөрвөн солонгос киног яасхын ая эвийг нь олж энэ хэддээ ганц зурагтаар үзүүлнэ ээ. За байз унтдаг юм билүү. Пөөх хоёр болчихож. Солонгос гэснээс манай доод айлын шөнө ирдэг таксигаар ирдэг охин солонгос хүнтэй сууж байгаа гэж манай хөгшин хэлсэн шүү. Хөдөөнөөс хөгшний дүүгийн хүүхдүүд хотоос эксель хямд олж өгөөрэй гэж ярьсан. Солонгосын эксель хөдөө үнэд хүрч байгаа сурагтай. За, за унтая. Солонгост оччихож гэж зүүдлэж магад. Тэгвэл нэг эксель чирч ирэхээс ...
Нойр хүрдэггүй ээ ... | ||
Үзсэн: 4932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.