Шууд Chart

“Буянт-Ухаа 1” хорооллын захиалга авах журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

2014-06-19 11:19:58

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж “Буянт-Ухаа 1” хорооллын захиалга авах журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, уг журмын 6.5-д “Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ. 

4.3 дугаарт “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”, 6.4 дүгээрт “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж кв.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтууд байгаа юм. 
 
“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд худалдан борлуулахтай холбогдуулан гаргасан журмын дагуу байр худалдан авах эрх олгох сугалаагаар 1540 иргэн байр худалдан авах эрхээ баталгаажуулсан.
 
Эдгээрээс 39 иргэн байрны үнийн 30 хүртэл хувийн төлбөрийг төлж, 913 иргэн 30 хувийн урьдчилгааг төлж захиалгын гэрээ байгуулсан, зургаан иргэн 100 хувь төлбөрөө төлж, байрны түлхүүр авах нөхцлөө бүрдүүлсэн байна. Дээрх захиалгын дүнгээс харахад захиалга өгсөн иргэдийн дийлэнх нь байрны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууцны найман хувийн зээл авч төлөхөөр төлөвлөсөн байна.  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Буянт-Ухаа 1” хорооллын захиалга авах журамд нэмэлт өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй