Шууд Chart

"PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадам 13 дахь жилдээ болно

2014-06-19 12:37:38

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд "PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор долоодугаар сарын 19, 20-нд Монгол шилтгээнд болох гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.


"PLAYTIME- 2014" наадмын хүрээнд ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” болон Английн “The Wombats” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын шинэ, шилдэг 30 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.
 Наадамд хүрэлцэн ирснээр хотын залуус орчин үеийн урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн, сургалт, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцохоос гадна Монгол Шилтгээн, майхан хотхон, бүх төрлийн хоол, ус ундааны үйлчилгээг цогц хэлбэрээр хүртэнэ. Мөн WiFi,  автобус, авто машины зогсоол, ариун цэвэр, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх боломжтой юм.


"PLAYTIME-2014" наадам VIP zone анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны зургаадугаар сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100,000₮ худалдаалагдана.


 Мөн “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэснээр наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлс хийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг оруулна.


 Наадмын тасалбар 2014 оны 6-р сарын 19-ний өдрөөс www.easyticket.mn, Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдах бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 40,000₮, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"PLAYTIME-2014" амьд хөгжмийн наадам 13 дахь жилдээ болно  
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй