
МОНГОЛ ТУУРГАТНЫ ГОО БҮСГҮЙ
Хоёр салаа гэзэгтэй, хичээлдээ шамддаг, зогсоо зайгүй ном уншдаг охин аравдугаар ангиа төгсөөд Анагаахын дунд сургуульд суралцаж бага эмч болж, бүр анагаахын дээд сургуульд элсэх урилга авчээ. Эм зүйч болох, биохимийн шинжлэх ухаанаар мэргэших зорилготой бүсгүй гудамжинд таарсан өөрөөс нь эгч бүсгүйн хэлсэн “Чи Энэтхэгийн нэг кино жүжигчинтэй маш төстэй юм. Чи өөрөө хар даа. Чамтай маш адилхан байгаа биз. Чи заавал жүжигчин болоорой” гэсэн үгэнд хөтлөгдөн гэнэт л мөрөөдлөө сольж Соёл, урлагийн их сургуулийн жүжигчний ангид элсэв.
Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин Б.Отгонбат, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч С.Чимгээ, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Гэрэлсүх, жүжигчин, мисс О.Байгаль болон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг /Амбий/ агсан тэргүүтэй Монголын өнөө цагийн урлаг, соёлын салбарын оргилуудтай нэг ангид сурлаа.
Тухайн үед СУИС-д багшилж байсан Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав Ч.Ичинхорлоо, О.Байгаль нарыг сургуулиа төлөөлөөд Монгол туургатны оюутан мисс шалгаруулах тэмцээнд оролц гэсэн “тушаал” өгөв. Тушаал гэдгийн учир нь хэрвээ оролцохгүй гэвэл сургуулиас хөөнө гэж айлгасан гэдэг. Ч.Ичинхорлоо Монгол туургатны оюутан мисс шалгаруулах тэмцээний дэд байрт орсон бөгөөд өөрийнх нь өмнө нэгэн шинэ хаалга нээж өгсөн Г.Хайдав багшдаа одоо ч баярлаж явдаг.
НОГООН ДАРЬ ЭХ
Энэ бичвэрийн гол баатар “Цөвүүн цагийн богд” уран сайхны киноны гол дүр Ногоон дарь эхийн дүрийг бүтээсэн. Энэ дүрээрээ Япон улсад зохион байгуулагдсан олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвшиж, тусгай шагнал хүртэж байлаа. Түүнчлэн “Хархираагийн дууль”, “Ээждээ” тэргүүтэй арав орчим уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Хувь тохиол ч гэж хэлж болохуйц нэгэн түүхийг дурдахад “Цөвүүн цагийн богд” уран сайхны киноны Ногоон дарь эхийн ээж, аавын дүрд Ч.Ичинхорлоогийн мөр зэрэгцэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд хамт ажиллаж ирсэн хамтран зүтгэгч, нэг өдөр хамт Төрийн дээд цол Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан нэрт нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаагийн аав, ээж БНМАУ-ын Гавьяат жүжигчин Санжаагийн Бужгар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Шаравын Дэлгэржаргал нар тоглосон юм.
Мөн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Чимэддамбын Ичинхорлоо тайзнаа В.Шекспирийн сонгодгийн сонгодог таван жүжгийн нэг “Отелло” жүжгийн эмэгтэй гол дүр Дездемонын дүрийг чадварлаг бүтээж, энэ дүрээрээ Монголын урлаг, соёлын шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гоо марал” тэргүүн дээд шагнал гардуулах наадамд нэр дэвшиж байв. Түүнчлэн “Д.Намдагийн “Хярааны хонхорт” тэргүүтэй драмын жүжгүүдийн гол дүрийг маш чадварлаг бүтээсэн.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би эмэгтэй хүнийг хулстай зүйрлэх дуртай. Миний бодлоор хулс бол гоолиг нарийхан, үзэмж төгөлдөр ургамал. Хулсыг аагим халуун наран дор, усан дотор, хатуу ширүүн нөхцөлд гээд хаана ч тарьсан хад асгыг ч нэвтлэн ургадаг гэнэ билээ. Тэгсэн хэрнээ хамгийн уян, олон зүйлийг хийх боломжтой. Эмэгтэй хүн яг л тийм. Хэмжээлшгүй их хат, эр зориг үрээ хайрласан эмэгчин амьтнаас л гардаг. Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог” гэсэн юм.
Мөн “Гоо сайхныг цаг хугацаанд хязгаарлах шаардлагагүй гэж боддог. Дотоод сэтгэлийн гоо сайхан, хэн ч бүтээж чадахааргүй бурхны бүтээл болох байгалийн төгөлдөр гоо үзэсгэлэн бол хэзээд мөнхийн. Жүжигчин Софи Лоренаас “Та өөрийгөө хэзээ хөгширсөн гэж бодох вэ” гэж асуухад “Миний нүдний ассан гал хэзээ унтарна, тэр үед л би өөрийгөө хөгширсөн гэж хэлнэ” гэсэн байдаг. Ер нь гоо сайхан бол байгаль ертөнцийн оршин тогтнох чухал хүчин зүйлийн нэг гэж итгэдэг. Гадаад гоо үзэмж гэдэг амьд амьтан бүрт харах, сонсох, мэдрэхүйн таашаалыг өгдөг. Гадаад гоо сайхнаар улбаалан бусдад үнэлэгдэх, хувь хүний үнэ цэнийг тодорхой хэмжээгээр өсгөхөд нөлөөлж болно. Гэхдээ эмэгтэй хүн бүр сэтгүүл дээрх бүсгүйтэй адилхан байх албагүй. Бусдыг өөртэйгөө харьцуулах нь хөгжлийн нэг хөдөлгөгч хүч мөн хэдий ч үүнээс авч буй мэдрэмж нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг доошоо дарах хэмжээнд байгаа бол энэ буруу голдирлоор явж байна гэсэн үг. Үнэ цэнээ би өөрөө бүтээхээс биш, миний өмсөж байгаа хувцас намайг тодорхойлохгүй. Миний үнэ цэн эрүүл бие, саруул ухаан, хөдөлмөрч чанар, өдийг хүртэл босгосон амьдрал минь юм. Миний баялаг бол миний гэр бүл, үр хүүхэд. Би бусдад хайрыг түгээж бусдад дэм тус болоод, бусдыг амжилтад хүрэхэд нь тусалж чадвал, эргээд тэр хүмүүс надад талархаж байвал энэ нь миний мөнхөд орших үндэс, цаг хугацаанаас үл хамаарч надад хадгалагдах дотоод сэтгэлийн гоо сайхан.
Ээж минь “Чиний нэг мөрөн дээр бурхан, нөгөө мөрөн дээр чөтгөр сууж явдаг. Чи сайн сайхан үйл хийхэд тэр үйл чинь дэлгэрч, чамайг харж тэтгэж явдаг, бурхан баярлаад урдах замыг чинь шүүрдэж, учрах бэрхшээлээс авардаг. Тиймээс явах зам чинь дардан, хол болж, түүр нь багасч олон саад арилна” гэж хэлдэг. Мөн аливаад хандлага хамгийн чухал. "Your attitude shows your altitude" гэдэг үгэнд их дуртай. Хандлага тухайн хүний хэн бэ гэдгийг илэрхийлдэг” гэсэн юм.
Радио, телевизийн нэвтрүүлэгчийн үүрийн гэгээнээс шөнө дөл болтол ажиллах ёстой мэдээний студи байгалийн гэрэл, чимээ шуугианаас олон давхар хамгаалагдсан байдаг учир агаар сэлгэлт явагддаггүй, үргэлж шатсан хуурай агаараар амьсгалах, заримдаа битүү орчинд ч ажлаа үргэлжлүүлэх шаардлага тулгардаг.
Учир нь бүх нийтийн амралт болон тэмдэглэлт, баярын өдрүүдэд ч ажлын байран дээрээ үзэгч олонтойгоо хамт байдаг. Гэнэтийн шууд эфирээс эхлүүлээд Үндэсний баярын болон Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, хүндэтгэлийн концертууд, Олон улсын болон Улс орныг хамарсан, Үндэсний хэмжээний үйл явдал, тэмцээн уралдаан, арга хэмжээнд дуудагдаж ажилладаг. Түүнийгээ дагаад улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, үүх түүх, урлаг соёл, спорт, дэлхий дахины гээд бүх л салбарыг нэвт шувт судлах, мэдэхээс авхуулаад гадаад хэлний мэдлэг эзэмших, цаг мөч бүр зогсолтгүй суралцах, шинийг эрэлхийлэх, өсөн дэвжих шаардлагатай нүүр тулдаг. Цаашлаад “Алтан үе”-ийн нэвтрүүлэгчид, уран бүтээлчдийн алдар сууг хазайлгалгүй, ажил мэргэжил байгууллагынхаа үүрэг хариуцлагыг хэлтийлгэлгүй асгасан хөлс, шавхсан хүчээрээ өөрийн биеэр өндөр босго тогтоох машид хүндтэй тэр хэрээрээ хариуцлагатай үүргийг хүлээдэг. Нэн ялангуяа эмэгтэй нэвтрүүлэгчид үзэгч олноо хүндэлж, гоо сайхнаа хадгалахын тулд үргэлж бусдаас түрүүнд сэрж гоо сайхандаа анхаарал хандуулах, бусдаас илүү дасгал хөдөлгөөн хийх, бусдаас бага хооллож, охины, гэргийн, ээжийн үүргээ хойш тавих мөч олон тохионо. Энэ хүнд бэрх замыг нэр төртэй даван туулж буй нэвтрүүлэгчид өглөө, өдөр, үдэш бүр айл бүрийн хойморт залардаг билээ.Энд хүргээд бичвэрээ Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэрт сэтгүүлч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Гомбын Золжаргалын “... БАЯР ХҮРГЭЕ ЭЭ
Манай байгууллагаас хоёр гавьяат бүсгүй энэ зуныг чимлээ. Олон нийтийн сүлжээгээр ид шуугьж байна.
Энэ байгууллагынхаа гал голомтоос холдолгүй өч төчнөөн жил ажил үйлсэд шамдахдаа, алиа үрс, амраг бүхнээ умартан ажиллаж уран бүтээлд бие сэтгэлээ зориулан хүрэх ёстойгоо хүртлээ. Төр талархан мэхийлээ.
Ээ дээ бид дунд нь мэргэшиж мэдлэгжиж түшиж өссөн Цеэнханд, Хишгээ гуай, Нооёо, Харцага, Доржбат Батбаяр ах нар харсан бол мөн их шуугиантай өнгөрүүлэхсэн дээ.
Гэвч тэд хаа нэгтээ алсаас мэдэж байгаа. Үйлс бүхэн дэлгэрч жаргал бүгд бялхаж явахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье ээ” хэмээсэн халуун дулаан ерөөлөөр төгсгөе.
Айл бүрийн хойморт залардаг Ч.Ичинхорлоо нэвтрүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо | ||
Үзсэн: 5261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.