Шууд Chart

Д.Баттулга: “Мэндэ амар, Буряадни” төсөл, теле концертыг санаачлан эхлүүлж, хэрэгжүүлж буй уран бүтээлчиддээ баярлалаа

2022-07-10 14:38:31

Тус телеконцертыг дэмжиж хамтран ажиллаж буй “Дорнод ирээдүй” сангийн тэргүүн, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Буриад сурын холбооны дэд тэргүүн Даваагийн Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Сайхан наадаж байна уу. “Мэндэ амар, Буряадни” төсөл, теле концертыг дэмжиж хамтран ажиллаж буй танд талархал илэрхийлье.

-Сайхаан, сайхан наадаж байна уу. Юун түрүүн “Мэндэ амар, Буряадни” төсөл, теле концертыг сайн дурын үндсэн дээр санаачлан эхлүүлж, хэрэгжүүлж буй нутгийн уран бүтээлч залуучууддаа баярлалаа. Мөн Буриад түмний дуу хуур, хэл аялгын онцлогийг сурталчлан дэлгэрүүлж ажиллаж байгаа МҮОНРТ-ийн удирдлагууд, уран бүтээлчдэд маш их талархаж байна. 

Манай Буриад зоны дуу хуур дундаршгүй арвин их түүхтэй. Цагийн байдал ширүүн цаг үед хэлмэгдүүлэлт тэмцлийн замыг туулж өнгөрүүлэн явахдаа ч угаа удмаа, өв соёлоо, дуу хуураа гээлгүй авч явсан байдаг. Тийм л хэцүүхэн замыг, цагийг туулаад энэ цагтай золгосон нандин өв соёлоо энх цагийн нийгмийн даяарчлалд уусган алдахгүй юмсан гэж бодож явдаг түмний нэг ээ би. Мөн түүчээлэн үлдээх, сурталчлан явах үүрэгтэй залуучуудын нэг юм. Тийм ч учраас Үндэсний их баяр наадмаараа Монгол орон даяар үндэсний хэмжээнд, цаашлаад дэлхийн хэмжээнд Буриад дуу хуур, хэл аялга, аж байдлаа сурталчлах "Мэндэ амар, Буряадни" теле контентыг дэмжин хамтран ажиллаж байна. Энэ контентод хүчин зүтгэж байгаа нийт уран бүтээлчид та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Миний сэтгэгдлийг сонссон танай MNB.mn сайтын хамт олонд мөн баярлалаа.

-Та өөрийн үүсгэн байгуулсан, удирдан ажиллаж буй “Дорнод ирээдүй” сангийнхаа талаар товчхон танилцуулаач?

-Дорнод нутгийнхаа хүүхэд залуучууд, зон олны ирээдүйн хөгжил дэвшил, боловсрол, ирээдүйн зорилгод тус дэм болохын төлөө өөрсдийн хүчин чадлаар дэмжих зорилгоор 2018 онд “Дорнод ирээдүй” сангаа байгуулсан. Байгуулагдсан цагаасаа боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн халамж гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дорнод аймгийн төрийн агентлагууд болон хувийн секторуудтай байнга хамтран ажиллаж эргэх холбоог сайжруулахаар зорьж ажиллаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театр, урлаг, спортын дугуйлан секцүүд, Монголын Оюун ухааны академийн Дорнод аймаг дахь салбар зэрэг байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хүүхэд залуустай холбох гүүр болохын төлөө ажиллаж ирсэн. Цаашдаа ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлж тэлж ажиллах болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Баттулга: “Мэндэ амар, Буряадни” төсөл, теле концертыг санаачлан эхлүүлж, хэрэгжүүлж буй уран бүтээлчиддээ баярлалаа  
Үзсэн: 1976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй